Цаг үеийн мэдээ

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.04.02/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн удирдлагууд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаврын биелэлт, тулгамдаж буй асуудлууд, яаралтай шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа сайдад танилцууллаа. 

Өнгөрсөн шуурхайгаас газар, хэлтсүүд, төслийн нэгжийн удирдлагуудад нийт 14 үүрэг даалгавар өгөгдсөн. Шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох газар нэгжүүд 66,4 хувьтай биелүүлж ажилласан байна. 

Ирэх 14 хоногт яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах ажлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд: 

"Солонго 1, 2" орон сууцны хорооллын төслийн ажлыг эрчимжүүлж, орц гарцыг хааж газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагад хүргүүлэх;

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Олон улсын экспертүүдээр хянуулах;

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Туул-1 коллекторын хэсэгт газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;

Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судалж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх;

Барилгын ажлын улирал эхэлж буйтай холбогдуулан харьяа төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, газар дээр нь ажилласан тайлан дүгнэлтийг удирдлагад танилцуулах;

“President club”-ын байгаль орчны үнэлгээ хийгдэж дууссан тул “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д хамгаалалтын зурвасыг зохицуулах саналыг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах;

Ус бохирдуулагч 70 аж ахуйн нэгжид урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн зааварчилгаа, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.