Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.02) “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Орхон аймгийн удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.

Өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилсан юм.

Тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Ногоон титэм” ХХК болон “Эрүүл ахуй, хор судлалын лаборатори” ХХК-тай хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгааг хийж, дүгнэлт зөвлөмж гаргуулжээ. Тухайлбал, хүнд даацын автомашины жолооч (белаз ачааны даац 100.1 тн-оос их) хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хамаарах дүгнэлт гарчээ. Үйлдвэрийн белазын жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт стандартаас 2-23 дахин их байна. Энэ нь урт хугацаандаа ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нас барах шалтгааныг тэргүүлэх болсныг тус үйлдвэрийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч М.Болормаа хэллээ. Иймд ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байгааг харгалзан дээрх хүсэлтийг гаргасан байна.

"Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Үүнээс хойш зарим ажлын байрны нэршлийг хууль тогтоомжид нийцүүлээгүйгээс орхигдсон байна. Мөн зарим ажлын байрны нэршил нь мэргэжлийн тодорхой нэршил биш харин Монгол Улсын хэмжээнд зөвхөн тус үйлдвэрийн бүтэц, нэгжид хамааралтай, олон ажлын байрыг хамруулсан нэршил байдаг байна. Тиймээс хэт ерөнхий нэршлийг холбогдох жагсаалтаас хасуулж, зарим орхигдсон ажлын байрны нэршлийг дүйцүүлэн тусгах саналаа гаргасан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн “Бутлуурчин” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 27 дугаар зүйлд хамаарах “Бутлах тээрмийн машинч”-тай дүйцүүлэх, Засвар механикийн заводын “Голч баригч” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн халуун нөхцөлийн 2 дугаар зүйлд хамаарах “Хэвчин”-тэй дүйцүүлэх, Ил уурхай, Авто тээврийн цехийн “Цахилгаан ба хийн гагнуурчин” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 27 дугаар зүйлд хамаарах “Гагнуурчин”-тай дүйцүүлэх зэргээр найман ажлын байрыг дүйцүүлэх саналаа гаргажээ.

Эдгээр саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад уламжилж, зохих журмын дагуу богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэв. Салбарын яамнаас хүсэлтийг нягталж үзээд ойрын хугацаанд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийллээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй. Уг хороог төрийн захиргааны болон ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдийг оролцуулан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулан ажилладаг.