Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ламфой Сиахкачанх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Вьентьян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНАЛАУ-ын нийслэл хотуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр хотын хамтын ажиллагаа, тэр тусмаа уламжлалт ёс заншил, соёл, боловсролын салбарт иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, танин мэдэхэд хурлын байгууллагууд гүүр болон ажиллах нь чухлыг онцлов. 

Вьентьян хотын ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийнхээ хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлын талаар хамтын шийдвэр гаргадаг. 3800 км/кв газар нутагтай Вьентьян хот нь хүн ам ихтэй.

Ойрын үед коронавируст цар тахал болон олон улс, бүс нутгийн өмнө тулгамдсан ээдрээт нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн сорилт бэрхшээлийг давж байгаа талаар дэд дарга Ламфой Сиахкачанх уулзалтын үеэр хэлсэн юм. Улмаар олон улсын болон бүс нутгийн ИТХ-тай хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотод хийж буй ажлын айлчлалаар талууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг тодотгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд тус улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан мөн манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Хоёр орны харилцаа бүх түвшиндээ ийнхүү гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлоод, хатагтай Ламфой Сиахкачанх болон дагалдан яваа төлөөлөгчдийн манай хотод хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүслээ. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дахь намуудын бүлгийн дарга болох Д.Ихбаяр, Б.Эрдэнэсүх, Д.Гантулга, төлөөлөгч Л.Ариунтуяа, Д.Энхтуяа, Г.Гангамөрөн болон Хурлын Ажлын албаны удирдлагууд оролцлоо.