Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-аас эх орондоо ирлээ. Түүнийг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд буух үеэр ярилцлаа.

-Сайн байна уу. Сайн явж ирсэн үү?

-Сайн байна уу. Сайн явж ирлээ. 

-Монголдоо ирэлгүй хэр удав?

-Ирэлгүй 6-7 сар болчихлоо. 

-Удаан хугацаанд ирсэнгүй. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Гоё байна. Хоёр охинтойгоо уулзаад сайхан байна. Энд зугаалахаар ирээгүй. Сорилд орохоор ирсэн. Сорилдоо орчихоод 8-нд буцна. Миний дараагийн тоглолт хүлээж байгаа. 

-Боксын холбоо таны хүсэлтийг хүлээж авсан. Тиймээс олимпын эрхийн төлөө зорьж байгаа байх. Жиндээ орчихсон уу?

-Би хоёр удаа олимпод орж байсан. Тамирчин хүний хувьд олимп маш чухал. Тиймээс Монголын боксын холбоонд хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгсөн Монголын боксын холбоонд маш их баярлалаа. Тавдугаар сард олимпын эрхийн тэмцээн болно. Дутуугаа гүйцээмээр байна. Надад олимпын медаль л дутуу байгаа. Түүнд л зорьж байна даа. Ямар ч байсан мэргэжлийн боксоор 15 тоглоогүй. Тэгэхээр сонирхогчийн бокс тоглож болно. 

-Сонирхогчийн бокс, мэргэжлийн боксын хооронд ялгаа хэр вэ. Олимпдоо зориулаад бэлтгэлдээ хэзээ орох вэ?

-Сонирхогчийн бокс гуравхан үе. Гурван раунд дуржигнаад л дуусчихдаг. Мэргэжлийн бокст хэн хүчтэй, хэн тэвчээртэй нь ялдаг. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Хэн гараа олон явуулна, хэн оновчтой олон цохиолт хийнэ, хэн гурван минутын дотор овсгоо самбаа гаргасан нь л хождог. Сонирхогчийн боксын форумаа алдаагүй. 

-Хэдэн кг-ын жинд өрсөлдөх вэ?

-Би мэргэжлийн бокст 61 кг-д тоглож байгаа. Одоо сорил тэмцээнээр 63.5 кг-д өрсөлдөнө. Жин дээр ямар ч асуудал байхгүй. 

-Америкад бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Волл И гээд дасгалжуулагч байгаа. Өмнө нь Төгсцогт ахтай ажиллаж байсан. Би багштайгаа гар нийлээд маш сайн байгаа. Өдрийн гурав бэлтгэл хийгээд, алдахгүй яваа. Бэлтгэлийн хувьд маш өндөр зэрэглэлд хийдэг. 7 хоногт 56 раунд спарринг хийгээд, ер нь бол чанга. Би анх америкад очоод бэлтгэлийнхээ ачааллыг дааж чадахгүй байсан. Салганаад, чичирдэг байлаа. Сүүлдээ ямар ч асуудалгүй болчихсон. 

-Одоогоор 9 ялж, нэг ч ялагдалгүй яваа. Мэргэжлийн боксын ирээдүйгээ яаж харж байгаа вэ?

-Ер нь олимп, дэлхийн аваргууд зааланд энгийн бэлтгэлээ хийгээд байж байдаг. Бүгд нэг зүйл рүү харцгаачихсан. Тэр нь олимп, дэлхийн аварга болсон ч мэргэжлийн боксын дэлхийн аварга гэдэг маш том нэр хүнд. Маш том мөнгө явдаг. Би урдаа зорилго тавьсан. Миний зорилго би тэр бүх бүснүүдийг монголдоо авчрахыг хүсч байна. 

-Сорилд оролцохоор ирсэн. Тэгэхээр дотоодын тэмцээнд маш олон авьяаслаг тамирчидтай өрсөлдөнө. Тэдгээр тамирчидтай шударга өрсөлдөөд гарч ирнэ гэсэн бодолтой байна уу?

-63.5 кг-д дүү нар байгаа. Би ч одоо ах болсон байна. Дүү нараа басахгүй. Хэн хожсон, ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явна. Би шууд олимпын эрхийн тэмцээнд явъя гэж хэлээгүй. Сорилд ороод, ялсныг нь сонгон шалгаруулаад явуулаач гэж хүссэн. Сүүлийн олимпын эрхийн тэмцээн болох гэж байна. Олимпод орох эрхээ авна гэдэг чинь дэлхийн аварга шиг юм болно. Олимпын эрхээ аваагүй байгаа бүх тамирчид оролцоно. Сүүлийн олимпын эрхийн тэмцээн бол алаан болно. Монголын залуучууд маш ширүүн гарч ирж байна. 

-Хэрвээ эрхээ авч чадаад олимпод оролцвол юун дээр анхаарах вэ?

-Хоёр олимпод оролцоод хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон. Тэр надад маш их туршлага болсон. Хэрвээ эрхээ аваад олимпод орж чадвал ер нь өөртэйгөө л ажиллана. Бэлтгэл форум гэдэг зүйл спортод маш чухал. Тамирчин хүн нэг ширхэг пиво уухад л тэр олон сарынхаа бэлтгэлийг шууд л алддаг. Маш олон зүйлийг ухаарсан, ойлгосон. Ер нь бол шууд алтан медаль л авна гэж бодож байна. 

-Америкад очоод Цэндээ хэр их өөрчлөгдөв. Тэр том зах зээлд очихоор юу бодогддог юм байна?

-Америк надад маш их таалагдсан. Монгол Улсаа америк шиг хөгжөөсэй, гоё болоосой гэж боддог юм байна шүү дээ. Орчин нөхцлийн хувьд бэлтгэл, заал, хооллолт гээд бүх зүйл нь эрүүл. Олимпын аварга нь дүү нартайгаа цуг зааланд бэлтгэл хийгээд, зааж сургаад энгийн л явж байх жишээний. Ер нь маш гоё. Бэлтгэл сургуулилтын хувьд багш нар нь маш өндөр боловсролтой. Хүнд маш зөв зүйл заадаг. 

-Мэргэжлийн бокс дахь 10 дахь тулаанаа дөрөвдүгээр сарын сүүлээр хийхээр байсан. Үүн дээр хэрхэн зохицуулалт хийв?

-Би 6-7-нд сорилдоо орчихоод 8-нд буцчихна. Сорил хаана болохыг Монголын боксын холбоо удахгүй зарлах байх. Сорилдоо орчихоод 16-17-ны үеэр дараагийн тулаандаа орохоор төлөвлөсөн. Би мэргэжлийн бокст 15 тулаан хийгээгүй болохоор эргээд сонирхогчдоо тоглож болно. 

-Дэлхийн ранкын жагсаалт гарсан байна лээ. Та сонирхсон уу?

-Миний мэргэжлийн боксын ранк 26-д бичигдсэн байгаа. Одоо хожчихвол топ 10-т орчихно. Топ 10-т орчих юм бол дэлхийн аваргын төлөө нэг өдөр тоглоно доо. 

-Монголчууд таныг маш их дэмждэг. Сошиал хуудсуудыг идэвхтэй дагадаг юм билээ. Америкад энэ нь түлхэц болж байна уу?

-Маш том урам авдаг. Үнэхээр урам болж чаддаг. Ямар ч байсан монголчуудынхаа итгэлийг алдахгүй хичээнэ. Ялна гараад өөрийнхөө юу чаддагийг харуулна. Монголоо их санасан байна.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа