Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, цахим үндэстэн арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.04.03/ Говь-Алтай аймагт ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан цахим хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар сургалт, мэдээлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Говь-Алтай аймгийн бүх сумд шилэн кабельд бүрэн холбогдсон, 88 багаас 52 баг 4G сүлжээнд, 1 баг 3G сүлжээнд, 5 баг 2G сүлжээнд холбогдсон ба сүлжээнд холбогдоогүй багуудыг бүх нийтийн үүргийн санд сүлжээ оруулах саналыг жил бүр тусган ажиллаж байна. Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд он гарснаас хойш и-Монголиа нэгдсэн системээс 6829 иргэнд "ХУРДАН" цэгээр дамжуулан операторын горимоор төрийн цахим үйлчилгээг хүргэжээ.