Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газын дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэд хэдэн чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ талаарх мэдээллийг нэгдүгээрт чиглэл чиглэлээр мэргэжилтнүүд хүргэнэ. Хоёрдугаарт, тухайн осолд хоёр жолоочийн аль нь буруутай, дэлбэрэлтийн улмаас хэдий хэмжээний хор хохирол учирсан бэ гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гараад, шалгаад явж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө.
Нэгдүгээрт, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон бусад мэргэжлийн шинжээч, инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг тухайн дэлбэрэлтэд өртсөн 4 барилгын төлөв байдалд дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Жаргал танилцууллаа.
Галд өртсөн 207 байр, 830 дугаар байр, 201, 204 дүгээр байруудад үзлэг шалгалтуудыг хийсэн. Бүх барилгаас дээж авсан. Гал түймэрт өртсөн байдал, галын нөлөөллийн байдал, үндсэн барилгын хийцэд нөлөөлсөн эвдрэл гэмтлийг тодорхойлох оношлогоо шинжилгээг хийсэн. 207 дугаар байрны 63 галд өртсөн айлын техникийн давхар, барилгын дам нуруу, багана, хучилт, хэв гажилтыг дээж авч шинжилсэн. Галд өртсөн 204 дүгээр байрны гадна талын хана, 201 дүгээр байрны зүүн талын хана багана, дам нуруу, 830 дугаар байрны үндсэн хийцүүдэд үзлэг шалгалт хийсэн. 207 дугаар байрны гадна пасадны 75 хувь орчим нь галд өртсөн. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлээд галд өртсөн. 8 айл галд өртөөгүй төлөв байдалтай байна. Багана дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ барилгын норм дүрмээс 5 дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Сорьцын нийт уртын дагуу нүүрсхүчлийн хий тархсан, дотор арматур зэврэлтэд хүчтэй өртөх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Барилгын нийт 210 ширхэг багана байгаа. Үүнээс 8.8 нь галд хүчтэй нэрвэгдсэн. Металь баганы 50 хувь нь бүрэн шатсан. 391 ширхэг төмөр бетон дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Өргөтлийн металь дам нуруу пургоны 60 хувь бүрэн шатсан. Төмөр бетон хучилтын 7 хувь нь галд нэрвэгдсэн. Металь хучилтын 60 хувь нь бүрэн шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Үндсэн хоёр лифтийн 42 эд ангид эвдрэл гэмтэл гарсан. Галд өртсөн. Цаашид ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан.
830 дугаар байрны 1, 2 дугаар давхар нөлөөлөлд өртсөн. Хэв гажилтын хэмжээ шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Ан цавын хэмжээ мөн норм дүрэм стандартын дагуу байна. Дам нурууны 1.2-1.4 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн.
Мөн хоёр оффисын барилга галд өртсөн. Доторх халаах хэрэгслүүд тодорхой хэмжээгээр солигдсон. Одоогийн байдлаар. Үүнд тодорхой үйл ажиллагаа явуулах боломжтой. 1, 2 дугаар давхрын гадна пасад галд өртсөн. Үүнийг шинэчлэн солих шаардлагатай. Бэхлэгээ хүчитгэлийг 1, 2 дугаар давхарт хийх нь зүйтэй гэж үзсэн.
201 дүгээр байр нь ахлах сургуулийн барилга. 207 дугаар байртай залгаа баруун талын хана галд өртсөн. Дулаалга шатсан. Үндсэн хийцүүд галд өртсөн учир шинэчлэн солих шаардлагатай. Доторх цахилгаан, дулаан, лифт зэрэг нь бүрэн ашиглагдах боломжтой.
204 дүгээр байр нь 207 дугаар байрны залгаа зүүн талд байрлах усан спорт сургалтын төвийн барилга. Үүний 1-5 давхар хүртэлх гадна дулаалга буюу үндсэн хийцүүд галд өртсөн. Галд өртсөн хэсгийг солих шинэчлэх шаардлагатай гэсэн урьдчилсан шийдвэр гарч байгаа. Галын дөл 2 давхрын өртгөлөөр буюу баруун хойд талаар орсон. Гал орсон өрөөний халаах шугам сүлжээ галд өртсөн. Тооцоо судлагаагаар эхний байдлаар ийм дүгнэлтүүд гараад явж байна.
Хоёрдугаарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг Дашваанжил ХХК-ийн газ буюу аюултай ачаа тээвэрлэж байгаа үйл ажиллагаа, тухайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн. Энэ талаарх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын дарга Нарангарав танилцууллаа.
БЗД-ийн 26 дугаар хороонд нэгдүгээр сарын 24-нд гарсан осолтой холбогдуулан хянал шалгалт хийлээ. Дашваанжил ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт сүүлийн таван жил ороогүй байна. Дашваанжил ХХК нь 518 ажилтантай. 63 салбар нэгжтэй. Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд үйл ажиллагаа явуулдаг. Шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас импортлодог. Хэрэглэгчдэд хүргэдэг чиг үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцааны хувьд дараах зөрчлүүд илэрлээ.
Тухайлбал, хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй. Цалин хөлсний журам баталж мөрдүүлээгүй. Хөдөлмөрийн норм норматив баталж мөрдүүлээгүй. Энэ компани Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчсөн багагүй зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, 518 ажилтантай томоохон компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан бүтэц тогтолцоо ажилтангүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд ажилтны тооноос үл хамааран эрсдэл өндөртэй салбарт заавал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнтэй байх ёстой гэж заасан. Энэхүү заалтыг зөрчсөн зөрчил илэрлээ. Дараагийн нэг асуудал хийн түлш эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь зайлшгүй ажлын байрандаа эрсдэлийн үнэлгээг хийлгэх ёстой байдаг. Энэхүү үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, аюултай ажлын дохио тэмдэг санамж анхааруулга байхгүй. Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр заавал даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг бас хийлгээгүй. Дотоод хяналт шалгалтыг огт хийдэггүй гэсэн дүгнэлт, санал гомдлыг шалгалтаар ирүүлсэн. Эрүүл ахуйн талаас ажил олгогч заавал ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой байдаг. Гэтэл ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй. Ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн. Үүнд шалгалтын багийнхан торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн нөхөн төлбөр тавьж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөл авалгүй эхэлсэн
Уул уурхайн яамны салбарын хяналтын ахлах байцаагч Бямбадорж: Гурван яамнаас хамтарсан хяналт шалгалтыг Дашваанжил ХХК-д Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шингэрүүлсэн шатдаг хийн хадгалалт түгээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа даралтат савны техник аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх байдлаар оролцсон. Тус компанид шингэрүүлсэн хийн түлш хадгалах нийт 19 даралтат сав байдаг. Эдгээр савнуудын техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа нь шалгалтын үеэр хангагдсан. Энэ хүрээнд тус компанийн хий цэнэглэх хүрээнд ашиглагдаж буй хий хадгалах савны ашиглалт, аюулгүй ажиллагаа, зураг төслийн байдалд хяналт шалгалт хийсэн. Тухайн даралтат савнууд улсын бүртгэлд хамрагдсан. Ашиглах зөвшөөрөл авсан савнууд байна лээ. Өдөр тутмын хяналтыг байнга хийх ёстой. Дотоодын хяналт хангалтгүй ажилласан, өдөр тутмын хяналт бүрэн гүйцэт хийгдэхгүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Мөн хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөл авалгүй эхэлсэн асуудал илэрсэн. Үүнийг зогсоох үүрэг даалгавар өгч, барилгын ажил эрхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр үргэлжлүүлэх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
Баллонууд нь ирмэгтэй зүйлтэй шүргэлцэж, зурагдсан
Зам тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Батболд: Дашваанжил ХХК-д хийсэн хяналт шалгалтын мэдээг танилцуулъя.
Ачаа тээврийн эрсдэлийн үнэлгээг шалгахад эрсдэл нь 28.4 хувьтай бага эрсдэлтэй үнэлэгдэж, хууль сахин мөрдөлт нь 57.6 хувьтай үнэлэгдсэн. Техник үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдлын сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй. Тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн авто хяналтын байгууллагад сар бүр үнэн зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламж нь бохир усны систем нь эвдэрсэн, ажиллагаагүй. Мөн аюултай шингэн хог хаягдал, тэдгээрийн сав баглаа боодол, бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй гэсэн зөрчлүүд илэрсэн. Засварын байранд тээврийн хэрэгслийг байрлуулах тэмдэглэгээ хийгээгүй. Комперессор, өргүүр гэх мэт өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмж нь баталгаажуулагдаагүй. Ажлын байранд хийгдэх технологийн картуудыг гаргаагүй. Техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй. Ачааны дагалдах бичиг баримтыг авч явдаггүй, хэрэглэдэггүй зэрэг зөрчлүүд гарсан. Мөн баллон тээвэрлэх бага оврын машинууд нь ирмэгтэй зүйлд шүргэлцэж, зурагдсан. Аюултай ачаа тээврийн тэмдэглэгээ нь стандарт бус. Аюултай ачаа тээврийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй.
Улаанбаатар хотын хэмжээнд 28 шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна
Гуравдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд, авто хийгээр цэнэглэгч станцууд мөн компаниудын тээврийн хэрэгсэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнг танилцуулав.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах 91, 1486 шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 8 агуулах, 614 шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, 251 шатахуун тээвэрлэх автоцистерн буюу автомашин хамрагдсан. Шалгалтад хамрагдсан объектуудаас газрын тосны бүтээгдэхүүний агуулах 2, шатахуун түгээх станц 61, автомашин хийгээр цэнэглэх станц 5, орон нутагт шатахуун түгээх станц 3 зай хэмжээний зөрчилтэй. Нийт 2967 зөрчил илрүүлж, 834 буюу 24 хувийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан. 14.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Бусад зөрчилд хугацаатай албан шаардлага өгч, хяналт тавьж ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 28 шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрээр 10-ыг нь хаалгаж, 18 шатахуун түгээх станцыг хаалгах хүсэлтийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн.
С.ОТГОНБАЯР
Иргэн
2024-04-04
Шалгалтаар зөрчилтэй гарсан л бол Торгуулиа өндөр дүнтэй тавьдаг. ерөнхий захирал болон ХАБ-н ажилтан, ерөнхий нягтлангуудыг шууд саатуултдаг байх хэрэгтэй. Энэ салбар бол хүний амь нас эд хөрөнгтэй холбоотой буюу эрсдэл өндөртэй аюултай салбар. Хариуцлага өндөр байх шаардлагатай. Мөн сургууль цэцэрлэгийн ойр 500метр дотрх бүх ШТС, ГАЗ яаралтай албадан татан буулгаж шилжүүлэх хэрэгтэй байна даа.