Нийслэлийн Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг нээж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “1.5 сая хүнтэй хот гэдэг бол нүүдэлчдийн мөрөөдөл байсан. Хот өөрөө хөгжлийн суурь, мэдлэгийн суурь, улс орны цөм” гэдгийг онцолсон бол Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт Нийслэл Улаанбаатар хотын цогц хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж өнөөдрийн “МАН”-ын бодит байдлыг танилцуулж, хот хөгжүүлэх утаа, түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн шийдлүүдийг танилцууллаа. Түүний дараа Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл хот хэрхэн хөгждөг талаар илтгэл хэлэлцүүлж “2012-2016 онд бид хулгайгүй, авлигагүй хот ямар их ажил хийж болдгийг харуулсан” хэмээн онцоллоо.
Тус зөвлөгөөнд Нийслэлийн Ардчилсан намын удирдлагын төлөөлөл 1000 гаруй төлөөлөгч оролцож ирэх 4 жилд Улаанбаатар хот хэрхэн хөгжих талаар шийдлийг хамтаараа хэлэлцлээ. Мөн нийслэлийн Ардчилсан намаас “1460” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 14 хоног тутам иргэд, гишүүддээ мэдээлэл хийж, 60 хоног тутам 1 томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа зарлалаа.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
"Ядуурал бол эрх баригчдад ашигтай хамгийн том бизнес мөн. Асуудал их байх тусам асуудлыг шийдэхээр нийслэлийн төсөвт 3.2 их наяд төгрөгийг төсөв болгон хагартлаа идэж баяжиж байна. Ийм увайгүй, өөдгүй даргатай нийслэл гэж байж болох уу, үр хүүхдийнхээ боломжийг хулгайлдаг, ирээдүйг нь цусалдаг ийм чөтгөрийн эрх баригчидтай байж болох уу, бүр сүүлдээ тусгаар тогнол болсон ардчилсан сонгуулийн тогтолцоо руугаа халдаж байна.
Өнөөдөр Улаанбаатартаа үлдэж ажиллаж, амьдрах хүсэлтэй нэг ч залуу алга. 18-35 насны залуус харь оронд боолчлогдож амьдарч байна. Бидний цөөхөн монголчууд улам бүр цөөрч бүтээмжээ алдаж, эхнэр нөхөр тусдаа амьдарч, үр хүүхэд өнчирч, гэр бүлүүд салж сарнисаар байна. Хотод үлдсэн бидний амьдрал хоёр нарны хоорондох бор хоногийг ядруухан өнгөрөөж байна.
Эрдэм чадалтайгаасаа эхлээд эгэл жирийн иргэд урдах ажлаа хийгээд бүхий л чадлаараа хичээсэн ч хүрэлцээтэй амьдарч чадахгүй байна. Ажил хийгээд цалин нь амьдралд хүрэхгүй нийгмийг ардчилал гэдэг юм бол тэр нь гажуудсан ардчилал юм. Тэр нь сонгуульгүй ардчилал байна. Гэтэл МАН-ынхан өөрсдөө яаж амьдарч байна гэж бодож байна. Нэр дээрээ Улаанбаатарт хаягтай ч гадаадад амьдарч байна. Тэд нийслэл хотоо голж өндөр хөгжилтэй гадны нийслэл рүү өөрсдийнхөө амьдралыг төвхнүүлсэн. Эрх баригчид энд амьдардаггүй юм. Та бидний кинон дээр гардаг Сөүл хот тэдний гал тогооны өрөө, ямбалаг эхнэрийнх нь гоо сайхны шүүгээ болсон байгаа. Тэнд тэд Солонгос хүнээс илүү тансаг амьдардаг. Дэлхийн хамгийн үнэнтэй гэгдэх Токио, Сингапур тэдний унтлагын өрөө, тэд нэг килограмм үхрийн махыг 1000 доллароор худалдан аваад тэндээ жаргаж байна. Лондон хот хотын төвийн байр нь, Бангког, Куалалампур хотын тэдний хувьд лагерийн байшин нь, АНУ-ын үнэтэй хотууд тэдний хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль болсон байна.
Эрх баригчид биднээс хураасан нэг жилийн 3.2 их наяд төгрөгөөр эх орноосоо үүрд явсан байна. Энэ хот луйврын хот боллоо. Улаанбаатарт тэдний байгаа цорын ганц шалтгаан нь дахин хулгай хийх юм, энд үлдэх ганцхан шалтгаан бол дахин хулгай хийх.
Энэ хот бидний гэр биш тэдний түрийвч болжээ. Энэ хот том хулгайчид нь дарга болдог, жижиг хулгайчид нь шоронд явдаг хот болсон. Тэд бидний нийслэлийг хараажээ. Тиймээс энэ удаагийн сонгуульд нийслэлийн Ардчилсан нам шат шатны сонгуульд ялж шударга ёсыг тэднээс нэхнэ. Бид нийслэл хотоо цэвэрлэнэ, хотод үүрлэсэн МАН-ын хулгайчдыг ч цэвэрлэнэ. Одоо хангалттай шөнө бүхэн босож нүүрс түлдэг амьдралдаа баяртай гэмээр байна. Хэдэн буудал алхаж ирдэг тавилангаасаа салмаар байна. Буугаад зээлээ өгдөг шүлс шиг цалингаа нэммээр байна. Шувуунаас өндөрт ниссэн үнийн өсөлтийг буулгамаар байна. Ломбард, зээлийн хоршооны хооронд гүймээргүй байна. Хамгийн гол нь хулгайч дарга нараасаа салмаар байна.
Улаанбаатар хот маань үндсэн 2 хэсэгт хуваагдаж байна. Өнөөдөр тохилог орон сууцанд нийтдээ 200 мянга, гэр хороолоолд мөн 200 мянга иргэн амьдарч байна. Үүнийг бид яаж хөгжүүлэх вэ, утааг яаж бууруулах вэ, Улаанбаатар хотын нягтаршил бүхий бүсийг яаж адил тэгш хөгжүүлэх вэ,
Гэр хорооллыг ногоон бүс болгох, иргэд өөрийн өмчлөлийн газар дээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон сууцанд амьдрах боломжоор хангана. Ардчилсан нам анх удаа орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бол энэ удаа гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон орчинд амьдрах хоёр дахь удаагийн шийдлийг хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хот дэд төвүүд дээрээ тулгуурлан гэр хорооллоо хөгжүүлэх шаардлагатай байна. Ирээдүйд гэр хорооллоо бид ногоон бүс болгох болно.
Түгжрэлийн асуудал сүүлийн 8 жилийн турш тэг зогсолтод орлоо. Дөрвөн замын уулзвараар дээгүүр, доогуур нэвтрэх бүрэн хүчин чадал бүхий шийдлийг Ардчилсан нам 2 сая ам доллароор хийх боломжтой байсан ч МАН 47 сая ам доллароор хийсэн. Гарц, шийдлүүд ерөөсөө л энгийн байх ёстой. Машин бариад явж байгаа жолоочид сонголт хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
МАН-ын дарга нарын удирдаж ирсэн авлигын сүлжээ, газрын наймааны үр дүнд Улаанбаатар хот түгжрэлийн ширэнгэ боллоо. Бид хөнгөн галт тэрэгний шийдлийг бий болгох бүрэн төлөвлөгөөг бий болгоод байна. Европын холбооны улсууд өргөн ашигласаар ирлээ. Бид ч бас туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Аялал жуулчлалыг дагаад бүх үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бидэнд байна.
Дэлхий хотууд түүхэн дурсгалт газруудаа авч үлдэж аялал жуулчлалын зорилгоор ашигладаг. Харамсалтай нь” МАН”-ын хулгайчид нураагаад дуусаж байна. Бид үүнтэй тэмцэх болно.
Нийгмийн дэд бүтцийн 380 төсөл, орон сууц барилгын төсөл 678, Үндсэн төсөл 56 байна. Бид 14 хоног тутамд хотынхондоо мэдээлэл өгч ажиллана" гэв.