Цаг үеийн мэдээ

Сэлбэ голын 10 км газрын бургасыг нүүлгэж, Улаанбаатар хотыг үерээс хамгаалах тухай хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагджээ. Хэрэв бургасыг нүүлгэн шилжүүлбэл Улаанбаатар хотын байгал экологид хэрхэн нөлөөлөх талаар Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Сэлбэ голын 10 км газрын бургасыг нүүлгэн шилжүүлнэ гэх мэдээлэл гарлаа. Энэ нь байгал экологид хэрхэн нөлөөлөх вэ?

-Байгалийн бүх үзэгдэл давтамжтай. Өөрөөр хэлбэл манайхан бичин жилийн зуд гэж ярьдаг шүү дээ. Түүнтэй л адил. Энэ шилжүүлнэ гээд байгаа бургас чинь хүн тарьсан бургас биш. Энэ бол Сэлбийн гол оршин тогтнож байх мянга мянган жилийн хугацаанд байсан л бургас. Тэр нь үертэй жил үерийн усанд саад болж байна. 500 ширхэг байна гэнэ үү. Яг үнэнийг хэлэхэд би түүнийг баттай сайн ойлгохгүй байна. Нэгдүгээрт, гантай жил бургас гүний усыг татаж, ууршилтыг саармагжуулах үүрэгтэй байдаг. Голын экологийн тэнцвэрийг хадгалж байдаг зүйл нь бургас. Хоёрдугаарт, Сэлбийн голын 10 км газрын бургас гээд байгаа. Үнэн тоо юмуу, худал тоо юмуу мэдэхгүй. Сэлбэ тийм ч их бургастай гол биш. Энэ нь үерт яг саад болсон уу, үгүй юу гэдгийг тооцоолсон зүйл алга байх шиг байна. Нэг их мэддэг хүн л энэ хэдэн бургас саад болоод байгаа юм байна гэж хэлсэн л бололтой. 

-Олон улсад хот суурингаа үерээс яаж хамгаалдаг юм бол?

-Усан сан байгуулж хамгаалдаг. Манайх голынхоо 2 эргийг бэхлэх тухай юм яриад байна. Гадны орнууд том талбай дээр усан сангууд барьдаг. Өөрөөр хэлбэл хиймэл нуур үүсгэдэг. Үер болоод дууслаа нөгөө усныхаа хэмжээгээр хот дундуур яваа голынхоо урсацыг тохируулдаг. Ихэнх том хотууд усан сантай. Би физикийн хүн учраас шингэний урсах хурд, нарны тусгалаар халах тэлэх үед яах зэрэг физик талаас нь мэднэ. Жишээлбэл, зарим жилд Туул гол урсгал нь тасардаг. Тэр үед нь Гачууртад ч юмуу том хиймэл нуур хийчихвэл Улаанбаатар хотын агаарын чийгшилд нөлөөлнө. Хоёрдугаарт, гантай жил Туул голын урсгал тогтмолжино. Тэгэхээр Сэлбэ голд тодорхой байршлуудад жишээ нь, Дамбадаржаагийн хуучин мод үржүүлэг байсан газар ч юмуу, хэд хэдэн байршилд тийм усан сан хийчих ёстой.

Тэгвэл нэгдүгээрт, үерээс хамгаална. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа голуудын урсгал тогтвортой болно. 

-Зарим нэг хүмүүсийн яриагаар гадны улс орнуудад гол дотор нь ийм бургас байдаггүй. Хогийн ургамал гэх зүйл ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Гадны улс орнуудын гол нь манайх шиг биш. Нэг бол үерлэчихдэг, үгүй бол тасарчихдаг гол биш. Дээр нь томоохон усан сантай. Урсацыг нь тогтмол болгочихсон. Хоёр талын цементэн хананы өндөртөө ургалын өндрийг тааруулаад хийчихсэн гол байхгүй юу. Тэгэхээр тэнд байгалиасаа цаанаасаа бургас ургах ч үгүй. 

-Одоо тэгээд энэ хэмжээний бургасыг авчихаар Сэлбэ гол гэж байхгүй болно гэсэн үг үү?

-За энэ их бургасыг нь авчихъя. Тэгэхээр бургас хэдий үерийн усанд саад болж байгаа боловч нөгөө талаасаа урсгалын хурдыг сааруулж байдаг. Гольдролоороо урсаж байгаа урсгалын хурдыг сааруулна. Жишээ нь, уулын зэрлэг үер гэж байдаг. Ямар ч саадгүй тэнээд өнгөрдөг. Тэгэхээр энэ бургас нөгөө талаар үерийн аюулын эрсдэлийг багасгаж байгаа. Маш огцом хурдтай орж ирэх хурдыг сааруулна. Сэлбэ гол тодорхой урсгалын хурдтай. Түүнийг бургас зохицуулж байна гэсэн үг. Өргөн газраа урсгал удаан болоод, нарийн газраар хурдан болдог. Зарим газраа тунана. Энэхүү тооцоог хийчих хэрэгтэй. Ноднингийн үерээр тэрхүү байршлууд нь тодорхой харагдсан. S Оutlet дэлгүүрийн тэнд байгаа юм байна. Хороололд нэг байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ус хуримтлуулах талбай, усны хурд зэргийг бүгдийг нь тооцоод гаргачих ёстой байхгүй юу. Үерээс хамгаалах хүн төрөлхтний хамгийн анхнаасаа хэрэглэсэн арга хоёр талаар нь далан барих биш усан сан байгуулж хамгаалдаг арга.

-Та үерээс хамгаалах төлөвлөгөөг нь харсан уу?

-Харсан. Тэр нь хоёр талаар нь хэрэм шиг юм хийгээд л шожигнотол урсдаг л юм хийх гээд байна. Бидний бохирын хоолой шиг юм төлөвлөөд байна. Гантай жил яах вэ. Хайрга хараад суух уу. Байгалийн өөрийнх нь бүтээсэн зүйлийг оролдох хэрэггүй. Сэлбэ гол хэдэн мянган жил урссан бэ. Тэр тусмаа бидэн шиг хотжиж сураагүй улс түүнийг оролдох огтоосоо хэрэггүй. Хоёрдугаарт, шар усны үер ихэслээ гээд өвөлжин халиа тошин ярилаа. Энэ яаж байна гэхээр дэлхийн дулааралтай холбоотой. Уулын цас өдийд бараг хайлаагүй байж байдаг. Одоо огцом хайлаад доошоо шингэх хөрс нь хэсээгүй байгаа. Тэгэхээр шууд мөсөн дээгүүр урсаж байна. Өвөл халиа яагаад гүйж байна гэхээр Газарзүй судлалын хүрээлэнгийнхний хэлж буйгаар газрын хөлдөх гүн нь багассан. Өөрөөр хэлбэл

Улаанбаатарын хөрс өвөлдөө 40 см хөлддөг байсан бол тэр нь багасаад нимгэн болчихсон. Тэгээд нимгэрчихээр яах вэ нимгэн хөлдсөн хөрсний цаанаас нэвчиж гарч ирээд байгаа юм.

Манайхан үүнийхээ учрыг ойлгохгүй байна. Би бодож л байна л даа. Энэ жил олон жилийн дунджаас их бороотой гээд айлгаад байна л даа. Миний тооцоолсноор магадгүй хуурай, гандуу жил ч болж магадгүй. 

-Тэрхүү төлөвгөөн дээр нь үерийн ус, хур бороо, цасны усыг хуримтлуулах сан байгуулах тухай юм байсан уу?

-Ганцхан газар байсан. Би түүнийг олигтой хуримтлуулах талбай биш гэж ойлгосон. Өмнө Санзайн тэнд нэг ус хуримтлуулах сан хийсэн. Түүнийгээ бүр том болгох ёстой. Тойруулж далан байгуулаад тэнд асар том нуур хийчихэж болно шүү дээ. Тэр нуурынхаа түвшинг өндөр болгож ч болно. Цааш нь явж байгаад Дондогдуламын рашаан хавьд Дарь-Эх Долоон буудлын харалдаа нэгийг байгуулчих хэрэгтэй. Сэлбэ голын үер Сэлхтэй нийлдэг. Хоёр голын усны ам Дамбадаржаагийн тэнд нийлдэг. Тэнд нь нэг ус хуримтлуулах талбай хийх ёстой.

Байгууламжийг нь ном ёсоор нь барих хэрэгтэй. Усан станц шиг л юм хийнэ гэсэн үг шүү дээ. Ингэвэл өвөлдөө мөсөн спорт хөгжинө. Зун гантай жил усны урсацаа тогтмолжуулна.

Усны түвшин тэгж огцом нэмэгдэхгүй шүү дээ. 2 см, 4 см гэж нэмэгддэг. Үерээс тэгж л хамгаалдаг. Манайхан шиг урсацыг нь саадгүй болгоод, ёроолыг нь трактороор түрээд л шулуухан хоёр бетоны дундуур урсгая гэдэг юм бол манай голд тохирохгүй. 

-Шинээр ганц ус хуримтлуулах байршил нь хаана байсан юм бол?

-10 куб метр ус хуримтлуулах талбай байгуулна гэсэн байсан. Тэр нь Дамбадаржаа хавьд юм болов уу л гэж би ойлгосон. Газрын зурагнаас нь тэр хавьд харагдана лээ. Угтаа бол Санзайн тэнд мөсөн дош гэж юм хийж байсан юм. Өвөлдөө худаг гаргаад, мөсөн дов үүсгэсэн. Тэр нь бага багаар хайлахаар усны эх үүсвэр болдог. Би ноднин очиход тэнд далан барьсан харагдана лээ. Түүнийгээ өндөрлөөд, бэхжүүлээд усан сан хийж болно. Санзай Майхан толгойн дунд маш том намаг байдаг. Тэр өргөн том талбай дээр тийм сан байгуулчихвал болохоор. Тэгээгүйгээс л тэр хавийн айлууд нь өвөлдөө мөсөөр дүүрээд л, жорлон нь усаар халиад байна гэдэг чинь байгал өөрөө хэлээд байна шүү дээ. Энэ жил мөсийг нь ухаад зөөгөөд байна гэсэн. Манай энэ хавьд хуурай сайр л байсан шүү дээ. Манай энэ хавь гэдэг нь Натур, Буян компани хавьд урсаад өнгөрчихдөг хэсэг нь байх нь. Тэгэхээр Сэлбийн голын эх бургастай. Манай энэ хавиар урсаж өнгөрөөд, Натурын гүүр хавиас дахиад бургастай болоод эхэлж байгаа юм. 

-Өвөлжингөө мөсийг нь Туул гол руу зөөдөг нь тэгээд зөв юм болов уу?

-Тэр чинь зүгээр л амиа л аргацаасан хэрэг. Ямар ч гол гольдролоороо урсах юм бол өргөн нарийнаас хамаардаггүй. Нарийн газраа урсгалын хурд ихэсч, өргөн газраараа хурд нь багасдаг. Энэ бол бернуллын тэгшитгэл буюу урсгал тасардаггүй тэгшитгэл гэж байдаг. Одоо хийх гээд байгаа төлөвлөгөөг харахаар дотор нь байгаа бүх юмыг нь сайхан цэвэрлээд л хоёр талаар нь цемент цутгана гээд байгаа.

Дээр үед баруун Сэлбийн гол гэж байсан. Гандангийн наагуур том үерийн суваг байдаг. Уг нь тэр сувгаар баруун Сэлбийн голыг урсгах гэсэн байхгүй юу. Тэр гол Ногоон нуур буюу Дөлгөөн нуур хавиар орж ирдэг байсан. Тэгэхээр нь тэнд нь боож байгаад баруун тийш нь Гандангийн тэрүүгээр урсгаад хорооллын дундуур урсдаг болгоно гэсэн. Тэгсэн гол үгэнд нь ороогүй. Уруугаа ширгэж ороод, ширгэхдээ хаагуур урсдаг болсон гэхээр манай мэргэжлийнхэн хэлдэг юм. Барилгачдын талбайн доогуур урсдаг болсон гэдэг. Өөрөөр хэлбэл хуучин урсгалаараа газар доогуур ширгэж урсдаг болсон. Ингээд Ногоон нуур ч байхгүй, баруун Сэлбийн гол ч байхгүй. Тэнд тавьсан том далангууд нь усгүй болсон. Түүнийг л энэ гол дээр давтах гээд байна шүү дээ.

Түүний оронд голын урсгалд саад болж байгаа зүйлсийг зайлууах хэрэгтэй. Ноднин дрон нисгээд харуулж байна лээ. ТЭЦ-4 рүү эргээд ороход нь нэг газар хаагаад юм барьчихсан байна лээ. Манай энэ хавьд Их наяд гэж байгаа. Тэр чинь бүр голын хоёр талыг хавчаад нарийхан болчихсон юм билээ. Тэгээд паркын урд талын Авилга хороолол. Мөрөөрөө урсаж байгаа голын урсгалыг нь боогоод хаячихсан учраас үер болж хальж гараад байна. Манай энэ хавьд түрүү жил үерийн ус хальж гарч ирээгүй. Яагаад гэхээр байгалийн эргээрээ байгаа. Ус чинь шулуун урсахгүй тахиралдаж урсдаг. Түүнийх нь цохилт нь өөр өөр байгаа. Энэ юуг харуулж байна гэхээр байгалиараа байхад л ус гольдролоороо л урсана. Хүн төрөлхтний мянган жил ашиглаж ирсэн арга бол усан сан байгуулах. Улаанбаатараас бусад бүх томоохон хот усан сантай. Түүнийгээ хуримтлуулаад гантай жил урсацаа тохируулаад, чийгшлээ бариад байна. Гэтэл манайд ямар ч их хур бороо, хур тунадас орсон ямар ч нэмэргүй хил даваад урсаад л явчихдаг.

С.ОТГОНБАЯР