Цаг үеийн мэдээ

УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дүнжингарав худалдааны төвийн урд болсон хийн ослын талаар сэтгүүлчид асуулаа. Асуултад УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хариулав.

УОК-оос шийдвэр гараад Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Энэ дагуу Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын талаар дүгнэлт гаргаж танилцуулсан. Дөрвөн барилгын талаарх дүгнэлтийг өмнөх хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Мөн энэхүү дүгнэлтүүдээ албажуулаад УОК-т ирүүлж байгаа. 

Хоёрдугаарт, Хөдөлмөр нийгэм хамгаалал, Уул уурхайн, Зам тээврийн гурван сайдын хамтарсан сайдын ажлын хэсэг тухайн дэлбэрэлтэд өртсөн "Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж танилцуулсан. 

Гуравдугаарт, миний бие ахласан ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж дүгнэлт мэдээллээ танилцуулсан. Үүний дагуу дараагийн шийдвэрүүд гарна. 

Хийн дэлбэрэлтийн шалтгаан нөхцөл түүнтэй холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас бүх дүгнэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Хохирлын үнэлгээ болон хэд хэдэн зүйл дээр нарийвчлан дүгнэх шаардлага байна гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн хэрэгт буруутай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаад шүүхээр эцэслэн тогтоогдоно гэсэн үг.

С.ОТГОН