Цаг үеийн мэдээ

Улс төрчид хөвсгөр цуйван сэгсэрч, дал дөрвөн өндөр чанаж, хуушуур хайрч, хөлдүү бууз хүртэл хүчлэн чимхэх мэтээр сошиал, ТВ-гээр тогооч болоод тун чиг завгүй байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бол биетээр нэг ч хоол хийгээгүй боловч яс юман дээрээ Ерөнхий тогоочоор ажиллаж байна. Гурилын үнэ, мал мах ярьж байгаа тул мань эр бантан, лавшаа, боов гамбир бүгдийг нь хийж байгаа тогооч. Учир нь монгол хүний өдрийн хоол хүнсний 60 гаруй хувь нь гурил, сарын зардлынх нь гуравны нэг нь бас гурил.  Гурилын үйлдвэр нэртэй гурилын ченжүүд зуднаар зоолж, цаснаар цадаж, шуурганаар шуналдаж, 50 кг-ын ганц шуудайг нь 4 бүтэн хониор сольсон. 

Татвар төлөгч та бид гурил тээрэмдээд өгөөрэй гэж хүү багатай 200 гаруй тэрбум төгрөг өгсөн. Таван гэр бүл мөнгийг нь болохоор авчхаад гурилыг нь тээрэмдэх маягаар дээрэмдсэн байна. Гуя нь цайсан гурилынхан еэвэнгийн талыг алга болгож, ашиг олсон мөнгөөрөө сонгуульд горилж байгаа. Гурилын нийт зах зээлийн 70 хувийг ХААН банкны ах  Ц.Баатарсайхантайгаа хамт базаж нухдаг, 45 тэрбумын хөнгөлөлттэй зээл хүртсэн “Од” группийн Ц.Отгонбаатар, 60 шахам тэрбумыг “Өег гурил”-ын А.Батсуурь нар “Нүглийн нүдийг гурилаар, Гурилчин бидний гуя цагаан” гэх зэрэг уриатайгаар сонгуульд горилж яваа юм. Талхны, каашны үнэ өсгөн гурилынхан АН-ын ч гуяыг цагааруулж чадсан байна. 

Зундаа ган, өвөлдөө зуд нүүрлэдэг цаг уурын өөрчлөлт, өвсний соргог, усны тунгалгийг хөөх арга тасарсан бэлчээрийн хомсдол зэргээс үүдэн нүүдлийн соёл устахад хүрч байна. Цахиур Төмөрүүд биш баян Итгэлтүүд төрж хоршдог, хагас нүүдлийн, хагас эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэхгүй бол хөдөө нутаг эзгүйрч, монгол уламжлал тасарна. Дэм дэмдээ өвс тэжээлээ базаах, мах, сүү, арьс ширийг боловсруулахыг дэмжих “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр бол Д.Амарбаясгалан гурилтай хоолныхоо махыг нь гэсгээж, эвдэж хэсэглэж, хөшиглөж хэрчиж буй хэсэг нь бололтой юм байна.