Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн хүүхдүүд нулимс асгаруулагч хийнд хорджээ. Уг мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. Урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Оюунтай холбогдов.

-Дуудлага мэдээлэл хэзээ бүртгэгдэв?

-Өнөөдөр 10:47 цагт дуудлага, мэдээлэл ирсэн. БЗД-ийн аравдугаар хороо 147 дугаар сургууль. 

-Хэдэн хүүхэд хордсон бэ. Хаана, хаана эмчлүүлж байна вэ?

-Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн хордлогийн төв болон ЭХЭМҮТ-д хүргэгдсэн. Хордсон гэх оношийг эмнэлгийн байгууллага шинжлэн судалж байгаа. Эхний байдлаар нулимс асгаруулагч хий юм байна лээ. Одоо хүүхдүүдийн бие тогтворжсон. Тухайн үед нэг хүүхэд ухаан алдаж унасан. Эмнэлгийн байгууллагад одоо 20 хүүхэд хяналтад байна.

-Тухайн хийг цацсан хүүхэд биедээ яагаад тийм зүйл авч явсан юм бэ?

-Биеэ хамгаалах зорилгоор ах нь өгсөн. Ах нь хамгаалалтын албанд ажилладаг. Тэгээд дүүгээ биеэ хамгаалах үедээ хэрэглээрэй гэж өгсөн байна. Ямар нэгэн хорлон сүйтгэх гэдэг юмуу, зорилго байгаагүй. Ах нь биеэ хамгаалах үүднээс хэрэглээрэй гэснийг нь ангийнхандаа онгирч үзүүлэх гэж байгаад хий алджээ. Битүү орчинд цацсан болохоор утаа нь хоолой боох, нулимс асгаруулах үйлчилгээтэй. Түүнийг нь мэдэхгүй цацчихсан. Одоо хүүхдүүдийн бие тогтворжсон ажиглалтын байдалтай байна. 

-Иймэрхүү дуудлага, мэдээлэл хэр нэмэгдэж байна вэ?

-Одоогоор үүнээс өөрөөр дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн зүйл байхгүй. Энэ төрлийн зүйлийг худалдаанд хориглодоггүй биеэ хамгаалах зорилгоор хэрэглэж болно. Гэхдээ битүү орчинд бага насны хүүхдүүдэд хоруу чанар өндөр байх магадлалтай учир энэ төрлийн зүйлийг иргэд анхаарал болгоомжтой хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

С.ОТГОН