Цаг үеийн мэдээ

БЗД-ийн 147 дугаар сургуулийн хүүхдүүд нулимс асгаруулагч хийнд хордон эмчилгээ хийлгэж байна. Энэ талаар 147-р сургуулийн сургалтын менежер Г.Батцэнгэлээс тодрууллаа.     

-Танай сургууль дээр нулимс асгаруулагч хий алдсан осол гарлаа. Ослын талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Өнөөдөр 10:10-10:20 цагийн хооронд сургуулийн их завсарлагаа болдог. Энэ завсарлагааны үеэр хүүхдүүдийн хөл хөдөлгөөн ихэсчихдэг. Хүүхдүүд бүгд ангиасаа гарна. Энэ үеэр жижүүр багш нар хариуцлагатай жижүүрүүд хяналт тавьж коридоруудаараа явдаг юм. Ингээд явж байх үед хоёр давхрын нэг ангид хүүхдүүд ханиагаад, нулимс нь гоожоод байна гээд коридорт гараад ирсэн. Хүүхдүүдийг цайны газар авч ороод, сүү уулгаад шууд гадаа гаргасан. Тэгээд жижүүр багшдаа хэлээд сургуулийн захиргаанаас шуурхай арга хэмжээ аваад бүх сурагч, багш, ажилчдыг маш яаралтай 3-6 минутад гаргасан. Манай сургууль дөрвөн давхар. Өнөөдрийн хувьд нэгдүгээр ээлжинд 905 хүүхэд 79 багш ажилтан сургуульд байсан. Хордсон яасан эсэхийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж хэлнэ. Бид шуурхай арга хэмжээ аваад тухайн үед нь түргэн тусламж, цагдаа, онцгойг дуудсан. Түргэн тусламжаар хүүхдүүдээ яаралтай эмнэлэгт авчирсан. Сая тасгийн эрхлэгчтэй уулзаж мэдээлэл авлаа. Тасгийн эрхлэгчийн зүгээс хордлогод орсон анхны тусламжийг үзүүлээд хүүхдүүдийг усанд оруулж, анхны эм тариагаа хийгээд, тухайн үед өмссөн хувцсыг нь ахиж өмсүүлэхгүй. Сольж өмсүүлж байгаа. Бүх эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ хувцсыг авчраад хүүхдүүдээ хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Сургууль дээр мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн шаардлага хангах эсэхийг мэргэжлийнхэн тодорхойлно. Нулимс асгаруулагч байсан уу, юу байсан гэдгийг цагдаа онцгойн албаныхан ажиллаад тогтооно. Түүний дараа тодорхой дүгнэлт мэдээллүүдийг хэлнэ. 

-Одоогоор яг юунд хордсоныг мэдэхгүй байгаа юм байна. Тийм үү?

-Түүнийг мэргэжлийн байгууллагууд л тодорхойлно. Ер нь бол хордлого авсан нь тодорхой байх. 

С.ОТГОН