Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.

Хагас зуун жилийн түүхтэй энэ байгууллага нь 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгтэй нэгтгэснээр бий болсон түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд 1500 гаруй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ төвд 144 хүүхэд амьдарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л энэ салбарын санхүүжилтийг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв.

Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ.

Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж, цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ  хамт амьдардаг байх хууль, эрх зүйн болон бусад  орчин, нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо.

Мөн ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан, хүүхэд бүрд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн хүргэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг тодотголоо.