Цаг үеийн мэдээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар "Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Уг тогтоолын төсөлд Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр нийт тариалангийн талбайн хөрсний үржил шимийн 60 гаруй хувь нь доройтсоны улмаас хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор цулгуй уриншийн эзлэх хувийг үе шаттайгаар бууруулах, ногоон бордуурт уринш, эрдэст, органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх, тэжээлийн болон бусад таримлын оновчтой сэлгээг бий болгох, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах; Монгол Улсын байгаль цаг уур, бүс нутгийн онцлогт тохирсон таримал ургамлын үр үйлдвэрлэх бүтэц, тогтолцоог бий болгоход чиглэгдсэн анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэх, сорт сорилтын төвүүдийг бүсчилэн байгуулах, хянан баталгаажсан баталгаат үрээр тариалалтыг хийх нөхцөлийг бий болгох, технологийн болон стратегийн нөөц бүрдүүлэх; Шинжлэх ухааны байгууллагуудыг түшиглэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ таримлын үр үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх, үр сортыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт  даалгахаар тусгажээ.