Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан:

Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж, УИХ дээр хэлэлцүүлэх танилцуулгыг сонсож, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна. Яагаад гэвэл гамшгийн гаралт, хувь тоо хэмжээ байнга нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, болзошгүй ахуйн болон бусад осол гэмтлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэтэл нөгөө талдаа эрсдэлээс үүдсэн хохирлыг барагдуулах тухай эзэнгүйдэж байгаа асуудал хаа сайгүй байна. Тиймээс эрсдэлийн даатгалын тогтолцоог шинээр нэмэгдүүлж, эрсдэл хохирлыг багасгах, стандарт шинэ тогтолцоо руу зайлшгүй орох шаардлагатай байна гэж үзэж байгаа. Түүний нэг тод жишээ сүүлийн үед гарсан осол гэмтлээс үүдэн сүйрсэн барилга байгууламж, орон сууц, айл өрх, амьдрал ахуй, машин тэрэг гээд бүх зүйл даатгалгүйгээс үүдээд хохирол барагдуулж чаддаггүй. Хууль тогтоомжоор төр бүгдийг барагдуулах асуудал нь бас хязгаарлагдмал. Дээрээс нь хохирол барагдуулах асуудлаар цагдаа хуулийн байгууллага шалгах үед ихээхэн хугацаа авдаг. Иргэд хохирч үлдэх асуудал байгаа учраас Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, шинээр боловсруулж, УОК-ын хуралдаанд нэгдүгээрт танилцуулж, дахин сайжруулан Засгийн газарт өргөн барих, танилцуулах асуудлыг шийдвэрлэлээ. 

Хоёрдугаарт, БЗД-ийн 26 дугаар хороонд ахуйн газын дэлбэрэлтийн улмаас үүссэн барилга байгууламжийн үнэлгээ, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах асуудал яригдсан. Дөрөвдүгээр сарын дотор ажлын хэсгүүдийн дүгнэлтийг дуусгаж, олон нийтэд танилцуулна гэсэн ёсоор өнөөдрийн УОК-ын хуралдаанд ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ-ны хамарсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй тул буулгаж шинээр барих тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Энэ асуудлуудыг сонсож шийдвэрлэн нийслэлийн удирдлагуудын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэхээр асуудлуудыг эцэслэж байгаа. Газны осол гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулах, орон сууцыг дахин төлөвлөх, шинээр барих хугацаанд осол гэмтэлд өртсөн айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, шинээр байр орон сууцанд орох, түүнээс үүдэн гарсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэн барагдуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн удирдлагуудад шилжүүлж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас 5 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөг нь зарцуулагдсан. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн мэдэлд шилжүүлж байгаа. Үүнээс гадна гамшигт өртсөн, амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн засаг дарга, Барилга хот байгуулалтын сайдад даалгасан. 

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бензин, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрсдэлгүй, аюулгүй болгох стандарт норм дүрмэнд нийцүүлэх, түүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг хийх ажлыг хоёрдугаар улиралд багтаан Барилга хот байгуулалтын яам, холбогдох мэргэжлийн яамдууд хамтран хийж, стандартаа шинэчилж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, даалгаврыг өглөө. Энэ хүрээнд эмх цэгцгүй байгаа асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж ойлгож болно. 

Тавдугаар сарын 1-ний дотор үхсэн малын сэг зэмийг бүрэн устгах шийдвэрийг гаргалаа. Зудын эрсдэлийн хариу арга хэмжээний тайланг сонслоо. Эрсдэл асар өндөр байсан. Гэхдээ Засгийн газар шат дараалсан арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн. Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас хамгийн багадаа 14.9 сая толгой мал буюу нийт мал сүргийн 23.9 хувь нь зүй бусаар хорогдох эрсдэл байна гэж анх тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 6.8 сая буюу 1.5 дахин бага буюу тооцоолж байснаас бага хорогдол гарсан байна. 

С.ОТГОН