Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал, Комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг.

Комисс Монгол Улсын 21 аймаг дахь хүний эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэ хүрээнд Зүүн, Төв, Говийн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа Төвийн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хангаж, хамгаалах нь Төрийн үндсэн үүрэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгөөс хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Төвийн бүс буюу Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг нь нийт 314,030 хүн амтай.  Бүсийн эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй бөгөөд улсын үр тарианы 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бүсийн хэмжээнд шилжин ирэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт сүүлийн 3 жилд нийт 6000 гаруй иргэн шилжиж ирсэн тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна гэлээ. Мөн дээрх аймгуудын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд бүтэц, төв суурин газрын гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэд, оронгүй гэргүй иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зээл тусламжид хамруулах гэх зэрэг хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж ажилласан сайшаалтай байгааг дурдсан.

Тухайлбал, Төв аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хангах, тэднийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах боломжоор хангах зорилгоор олон улсын байгууллагын 255,0 сая төгрөг, орон нутгийн сангаас 20 сая төгрөгийн санхүүжилтээр “Аз жаргалын өргөө” төвийг байгуулсан байна. Дархан-Уул аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 100 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулсан, Сэлэнгэ аймаг нь “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн гээд хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгааг сайшаалаа. Гэвч зарим асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Үүнд: Бүсийн хэмжээнд хүүхэд холбогдсон гэмт хэрэг өсөж байгаад анхаарах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдийн тоон мэдээллийн зөрүүг арилгах, төр, иргэдийг бодит статистик мэдээллээр хангах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдийн ар гэрийн нөхцөл байдлыг тусгасан мэдээллийн сан бий болгох УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг нарийвчлан баталж, хэрэгжүүлэх, ахмад настны эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, холбогдох хууль, журмын дагуу асрамж, халамжийн төвд шилжүүлэх, бичиг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд анхаарахыг цохон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Комиссын референт Д.Гантулга Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Тус бүсийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон зорилт бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зээл, тусламжид хамруулах, мөнгөн дэмжлэг үзүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зэргээр тусган, хэрэгжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэх дэмжих чиглэлийг санаачлаг гарган ажиллаж байгаа нь сайшаалтай байна гэв.

Тухайлбал,

Хэнтий аймагт: “Бизнесээ эхэл" арга хэмжээний хүрээнд 330 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Мөн 1.3 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт 1152 иргэнийг хамруулж, 212 байнгын ажлын байр, 940 түр ажлын байр бий болгосон. Мөн эрчүүдийн кабинет байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулан 256 эрэгтэйг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч ажилласан байна.

Тухайлбал, Сүхбаатар аймаг нь улсын төсвийн 296,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппарат нийлүүлсэн, 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд 17 ортой эмнэлгийн шинэ ашиглалтад оруулсан зэргээр  хүний эрхийг хангах, хамгаалахад идэвх санаачилгатай ажиллаж байна гэсэн юм.

Гэвч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цэвэр усаар хангагдах эрх, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх, ахмад настны эрх зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал,  зүүн бүсийн аймгуудад нийт 2.753.679 мал хорогдсоноос 147.520 сэг зэм буюу 1.8 хувийг хүн хүч дайчлан, техник хэрэгсэл ашиглаж устгалд оруулсан байна. Хэдийгээр хорогдсон малын сэг зэмийг устгалд оруулах ажил үргэлжилж байгаа боловч аймгийн Засаг дарга, мал эмнэлгийн газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран хүн, малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг булж устгах, бэлчээр, бууц, хашаа байр, худаг, усны эх, булгийг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэлээ.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын төвлөрсөн усан хангамжийн шугам хоолойн ашиглалтын хугацаа дуусч, зэвэрч муудснаас үүдэн тус аймгийн иргэдийн ундны цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөж байгааг анхаарууллаа.

Түүнчлэн зарим аймаг, орон нутгийн удирдлагууд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллаж байгаад цохон тэмдэглэсэн. Тухайлбал, хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахгүй байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Хорих ял эдлээд суллагдсан эдийн засаг, нийгэм, соёлын эрх зүүн бүсийн нутагт хангалтгүй байна гэлээ. Өөрөөр хэлбэл, Комисст ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 онд зүүн бүсийн аймгуудад удаан хугацаанд хорих ял эдлээд суллагдсан иргэн 103 байна. Гэтэл 2017 оноос хойш Сүхбаатар аймагт хорих ял эдлээд суллагдсан нэг иргэнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэн ажилласан нь аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, холбогдох газар, хэлтсүүд удаан хугацаанд хорих ял эдлээд суллагдсан хүнийг нийгэмшихэд хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлдэггүй, уялаа холбоотой ажиллахгүй байгаагийн илрэл гэв.

Үргэлжлүүлэн Өмнөговь аймаг дахь референт Нарангоо Говийн бүсийн аймгуудын хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, зорилтот бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр тусгасан зорилго, зорилтуудыг хангахад чиглэсэн тодорхой бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна.

Тухайлбал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх зорилгоор камержуулалтын хяналтыг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа юм байна.

Говьсүмбэр аймаг Баянтал суманд гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлж, 7.9 сая төгрөгөөр 40 гэрэлтүүлэг, 16 камерыг шинээр суурилуулсан. Дорноговь аймгийн хэмжээнд 22 сургууль камержуулалтын систем сууриллуулсан, засварласан. Иргэдийн оршин суух газар, зам талбайн байршилд шинээр 110 хяналтын камержуулалтыг нэмэгдүүлсэн. Сайншанд сумын төвийн 63 байршилд 163 ширхэг, Замын-Үүд сумын төвийн 38 байршилд 105 ширхэг нийт 268 ширхэг камер суурилуулж, хяналт, удирдлагын системийг байгуулах ажлын тендер зарлаад байна. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад стандартын шаардлага хангасан камерыг дотор болон гадна орчинд байрлуулахыг үүрэг болгосон. Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 136 аж ахуйн нэгж, байгууллагын 213 хяналтын камер ажиллаж байгааг танилцуулганы эхэнд дурдсан юм.

Улмаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байна гэв. Комисс өнгөрсөн 2023 онд Оюутолгой, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтаар суурьшлын бүсэд сургууль, цэцэрлэг байхгүйн улмаас хүүхдүүд аймаг дамжиж сургуульд суух, айлд байрладгаас болж хүүхдийн дээд эрх ашиг зөрчигдөх суурь шалтгаан болдог, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ундны цэвэр усаар хангагдах эрх ноцтойгоор зөрчигдөж байсныг хэвлэлийн хурлаар онцлон тэмдэглэсэн.

Говийн бүсийн улсын чанартай автозам дагуух зам тээврийн осол буурахгүйг байгааг онцоллоо. Тухайлбал 2021 онд 636 зам тээврийн осол гарч, ослын улмаас 129 хүн бэртэж гэмтсэн, 43 хүн амь насаараа хохирсон бол 2022 онд 711 зам тээврийн осол гарч, 78 хүн бэртэж гэмтэн, 29 хүн амь насаараа хохирсон байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг харахад, нэг талаас авто замын эвдрэл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байх ба авто замын эвдрэл гэмтэлд замын даац, чанар, насжилт нөлөөлж байна. Нөгөөтээгүүр, бүрэн бус техник, шөнийн цагаар амралтгүй ажиллах, жолоочийн хариуцлагагүй байдал, ААН-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдсэн осол аваар гарч байна гэв.

Мөн гэр бүл салалт, өсвөр насны охидын төрөлт говийн бүсэд буурахгүй, тогтмол өсөлттэй байгаад Комисс санаа зовниж байгааг дурдаад уг асуудалд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.