Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Дорнод, Архангай аймагт хаваржилтын хүндрэлээс үүссэн гамшгийн хор хохирлыг Зэвсэгт хүчний 014, 186, 256, 327, 336, 338, 342 дугаар ангийн 120 гаруй цэргийн алба хаагч арилгаж дуусгалаа.

Тэд зургаан аймгийн 17 суманд 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 12 өдрийн туршид ажиллахдаа 24297 малын сэг зэмийг цуглуулж, устгалын цэгт хүргэх ажлыг гүйцэтгэсэн юм. Ингэхдээ ариутгалын хувцас хэрэглэл, амны хаалттайгаар гүйцэтгэсэн ба аймаг орон нутгийн удирдлага, малчин зон олноос цэргийн алба хаагчдадаа талархал дэвшүүлсээр үлдсэн юм. 

Ташрамд эргэн сануулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 16 аймгийн 70 гаруй суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ гүйцэтгэж, цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгэсэн билээ.

Таны сурталчилгаа