Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн тухайн өдрөө унтраасан. Энэ үеэр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Түүний хань Б.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Та ханьтайгаа анх яаж танилцаж байв?

-Хамгийн анх ханьтайгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байгаад танилцсан. 2001 онд л доо. Тэр үед телевиз ховор. ТҮЦ-нд хөлбөмбөг үзэх гэж толгойгоо ээлжилж оруулж үзээд, тэгэж л хөлбөмбөг үзэж байгаад танилцаж байлаа. 

-Тэгэхээр та хоёр хоёулаа хөлбөмбөгт хорхойтой байжээ дээ?

-Бүр тийм хорхойтой ч биш л дээ. Тэр дэлхийн аварга нэлээд сенсацитай, массыг хамарч байсан юм болов уу. Тухайн үед аваргын тоглолтыг л тэгж үзэж яваад нөхөртэйгөө танилцаж байсан юм. Түүнээс өмнө байрны найзууд байлаа. Төмөр замд ойрхон амьдардаг. Манай нөхрийнх 14 дүгээр байрны 2 тоот. Манайх болохоор 2 дугаар байрны 14 тоот гэж явдаг. Тэгээд их ойрхон. Төмөр замд Вокзалын урд шар байрнууд байдаг шүү дээ. Тэнд амьдардаг байсан юм. 

-Хэзээнээс үерхэж найзалж эхэлсэн юм бэ?

-Үерхэж гэхээсээ илүү найзалж яваад л суучихсан. Миний хань бүр залуу байхдаа аав, ээжийгээ алдаад, өнчин хоцорсон. Тэр үедээ ээлжийн ажил хийж яваад, аравдугаар ангиа төгсөөд, Гал унтраах 14 дүгээр ангид анх ажилд орж байсан юм. Ээлжинд хоносон үед нь би гурван дүүгээ хараад, хоол цай хийж өгнө. Юм хумыг нь угааж өгөөд л хичээлээ тараад очдог. Гэр орноороо орж гарцгаасан найзууд байлаа. Тэгж яваад л суусан даа. Бараг би өөрөө л үерхье гэж гуйгаад л суусан байх даа. 

-Хувь хүнийхээ хувьд таны хань ямар хүн байв?

-Маш дуугүй. Би ямар сайндаа хэлдэг байсан юм. Миний ханийг хэр дуугүй вэ гэхээр нь “Миний хань Мэнэнгийн тал шиг уужуу тайван” гэж. Ер нь ах дүү нар, найз нөхөд нь бүгд мэднэ дээ. Хэр дуугүй хүн бэ гэдгийг нь. Дугарах юман дээрээ л ганц нэг үг хэлнэ. Ер нь дугарах нь тун ховор. Сайхан гүндүүгүй, уужуу тайван хүн байсан даа миний хань. 

-Урлаг, спортод хэр авьяастай хүн байсан бэ?

-Урлаг талдаа нээх сайн биш ч гэсэн спортод их авьяастай. Ялангуяа сагсанбөмбөг сайн тоглодог. Хурдан түргэн хөдөлгөөнтэй авьяастай байсан шүү. Авсан медалиуд нь тэр байна. Ер нь их идэвхтэй ажилдаа их хайртай хүн байсан даа. Урлаг, спорт гэхээсээ илүү ажил нь амьдралынх нь нэг хэсэг болчихсон. Тэгж их ажлаа хүндэлдэг, тэр утгаараа ч би ханийнхаа ажлыг хүндэлнэ, бахарна. 

-Хамт олондоо хэр нэр хүндтэй хүн байв?

-Хамт олон нь мэднэ дээ. Их хүнлэг хүн байсан болохоор хамт олон нь бүгд хүндэлнэ. 

-Та хуримын бичлэгээсээ үзүүллээ. Тухайн үед их дурсамж бүтээжээ?

-Түүнийг одоо ярих гэхээр жаахан хүнд байгаад байна.

Анх бид хоёр дөрөвдүгээр сард хуримаа хийхээр шийдээд хурим хийх гэж байгаа хоёр хүн ямар ч мөнгөгүй. Зүгээр л мөрөөдөл болчихсон. Арванхоёрдугаар сард хуримаа хийхээр шийдээд, дөрөвдүгээр сараас мөнгөө цуглуулж эхлээд, хуримаа ямар ч байсан хийнэ гээд хоёулаа зүтгэсэн. Хүмүүс амарч байхад бид хоёр ажиллаж л байдаг. Тэгж л зүтгэж байж хуримаа хийж, хоёулаа мөрөөдлөө биелүүлж байсан даа. Дурсамж бол маш сайхан. Бид хоёрын амьдралын хамгийн нандин сайхан мөчүүд хурим минь. 

-Гэр бүл, үр хүүхдүүддээ хэр халамжтай аав байв?

-Үгээр илэрхийлж чадахааргүй тийм их халамжтай хүн байсан. Би найз нөхөддөө хэлдэг байсан л даа. Би зүгээр төрдөг. Миний хань бусдыг нь бүгдийг нь хийдэг. Тийм л сайн аав. Тийм л сайн хань. Хүний урманд хань руугаа муухай харж үзээгүй. Тийм л сайн залуу байсан. 

-Тухайн өдөр ажилдаа явахдаа танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Урьдын адил үнсээд л ажилдаа явсан. Мэдээж 25 жил ажилласан хүний ард талд явлаа. 25 жил Онцгой байдлын албанд ажилладаг хүний ард байна гэдэг үнэхээр хэцүү. Нэг талдаа нөхөргүй юм шиг амьдрахыг шаарддаг. Ажлын онцлогоос шалтгаалаад байгалийн хүчин зүйлүүд гарч ирнэ. Үер ус, цас зуд, гал түймэр гэх мэтчилэн маш их зүйлүүд гарч ирдэг болохоор 25 жилийг олон хүүхдүүдтэйгээ, онцгой байдлын ард талд хамт авч явахад бид хоёрын амьдралд зовлонтой, жаргалтай бусдын л адил байсан. Хүний амьдралын бүхий л зүйлийг туулаад 25 жилийг үзсэн. Ээлжиндээ гарахын орой энгийн л үнсэдгээрээ үнсээд л гараад явсан. 

-Та хагалгаанд орсон эмнэлгээр явж байгаа гэсэн. Таны бие ямар байна вэ?

-Бид хоёр хуримаа хийснээс нэг сарын дараа хагалгаанд орсон. Түүнээс хойш ч бас зөндөө хагалгаанд орлоо л доо. Сая ханийгаа өнгөрсний дараахан, гаргахын өмнөхөн бас хагалгаанд орсон. Одоо бие жаахан тааруухан л байна. 

-Хүүхдүүд нь ойлгож байна уу. Бага нь мэдэхгүй л байх шиг байна?

-Яахав бүгд л мэдэж байгаа л даа. Миний охин өчигдөр аавыгаа нэхээд “Бурхан болчихсон” гээд хэлчихсэн чинь “Бурхан гэрт амьдардаг биз дээ. Гадаа амьдардаггүй биз дээ” гэж хэлсэн. Хоёр том маань ойлгож байгаа. Том охинд маань нэлээд хэцүү байх шиг байна. 

-Танд нэмж хэлэх зүйл бий юу?

-Гал гэдэг зүйл байгалийн гамшиг дотроо 100 хувь хүний оролцоотой бүтдэг. Хэн нэгний болгоомжгүй үйлдэл, болгоомжгүй байдлаас болж цаана нь гарах үр дагавар ийм байдаг шүү. Галыг мэдээж хүн санаатай тавьдаггүй. Иргэн бүр дор бүрнээ ухамсарлаасай. Цахилгааны аюулгүй байдал, ой хээрийн түймэр, шар ус гээд л энэ болгон дандаа хүний буруутай үйлдлээс, болгоомжгүйгээс, санамсаргүй байдлаас болдог. Дахиж битгий ийм муухай зүйл гараасай. Түүний цаана хэн нэгэн онцгой байдлын алба хаагч, мөр зэрэгцэн ажиллаж байсан найз нөхөд нь улаан гал руу орж байгаа. Тухайн алба хаагчийн ард адилхан л хүмүүс байгаа. Түүнд зүтгэж байгаа эгэл баатрууд чинь Онцгойхон байдаг юм шүү гэдгийг л хэлмээр байна. 

С.ОТГОНБАЯР