Цаг үеийн мэдээ

"Би багш" зорилтот нэвтрүүлгийн үндэсний ялагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Газарзүй-Биологийн багш Д.Мөнхбаатар шагналын мөнгөөрөө сумандаа "Боловсролын төлөө" хэмээх багш, сурагчдын хөгжлийг дэмжих 100% ашгийн төлөө бус сургалтын төвийг нээжээ.

Тус төвийг тохижуулж, байгуулахад шагналын 100,0 сая төгрөгөөсөө 48,0 сая төгрөгийг нь зарцуулсан байна.

Д.Мөнхбаатар багш нь нэвтрүүлгийн дугаар бүрд шинэ содон санаа гарган дэвшүүлж, хамтрагч, баг хамт олноо манлайлдаг байв. Одоо ч үргэлжлүүлсээр яваа нь шагнал нүдээ олсныг гэрчилнэ. 

Нэвтрүүлэгт хамтран оролцсон багш бүрээс 500,000 төгрөг нийлүүлэн анх сайн үйлсийн аяны шав тавьж байсныг хөгжүүлэн өөрийн шагналаас баяжуулж, ашгийн төлөө бус сургалт, судалгааны төвийг нээж байгаа нь энэ юм.

Тус төвөөр дамжуулан багш нартайгаа хамтарч хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, сурагчдыг илтгэх чадварт сургах, хувь хүний хөгжил, мэргэжил сонголт, олимпиад, ЭЕШ-д бэлтгэх зэргээр өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.