Цаг үеийн мэдээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэхтэй зэрэгцээд монголчууд нийлж, нэгдэж чаддаггүй, хоршоо гээд бүтэлгүйтдэг гэж шүүмжлэх хэсэг бий. Монголд анхан болон дундын олон хоршоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний амжилттай ажиллаж буй нэг жишээ бол “Ээлтэй баялаг” дундын хоршоо юм. 

Тус хоршооны төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөгт олон төрлийн бүтээгдэхүүнтэйгээ иржээ. “Ээлтэй баялаг” дундын хоршоо нь Хэнтий, Архангай, Баянхонгор аймгийн гишүүн 9 хоршоотой, нийт 600 орчим малчин гишүүнтэй ажилладаг.

Тус дундын хоршоо нь гишүүн малчдынхаа бэлтгэсэн чанартай, тогтвортой, гэрчилгээжсэн ноолуурыг гадаад, дотоодын зах зээлд борлуулж гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг тухайгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй бодлого тодорхойлогчдод танилцуулсан юм. Гишүүдээсээ түүхий эдээ бэлтгэдэг буюу “Малчны хотноос таны гарт” гэсэн уриатай, гарал үүсэл тодорхой ноолууран бүтээгдэхүүнүүд зах зээлд гаргадаг байна.