Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын хоолойд байнгын хутга тулгаж байдаг асуудал бол түгжрэл. Тэг зогсолтын заналхийлэл өдөр бүр их хотод үүсэж, амь аргацаасан арга хэмжээгээр торгоосоор олон жил боллоо. Уулзвар, гарц, зам, гүүрний байгууламжуудыг жил бүр хийж, аминдаа энэ асуудлыг шийдэх гэж хэрэндээ зүтгэдэг. Гэсэн ч олигтой шийдэл олж чадсангүй. Ер нь жолооч нарын ур чадвар, эгнээ байр эзлэхээс эхлүүлээд бидэнд алдаа дутагдал байна. Хамгийн байж боломгүй нь жолоо барьж байх даа гар утсаа оролдох юм. 

Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн хурд багасгаж зорчих хэсгийн хөдөлгөөн удаашруулж, түгжрэл үүсэх шалтгааныг нэмж байгаа хүмүүсийг харахаар утсаа оролдож байдаг.

Энгийн жишээ нь утсаа оролдож байгаад эгнээ хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн гэрэл асахад хамгийн эхний машин хөдөлж өгөхгүй асуудал үүсгэж байна.

Араасаа сигналдуулан барин хөдлөхөд 10 машин уулзвар гарахаас 5 нь л уулзвараар гарч амжина. Мөн эргэлт дээр удаан эргэх, урд нь ямар ч саад байхгүй байхад явж ядах, гэрлэн дохионд амжихгүй байх гэх мэтээр замын хөдөлгөөнийг удаашруулж түгжрэлийг улам даамжруулж байна.

Ер нь тэгээд утсаа ширтэж яваад зам тээврийн осол гаргах үзэгдэл тоогоо алдсан. Нэг ослоос шалтгаалж, замын хөдөлгөөн тэр чигтээ ачаалалтай болдгийг хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа байх.

Мөн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа гар утсаа оролдох нь жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна.

Эгнээ, байраа буруу эзэлсэн жолооч нар замын хөдөлгөөний эрчимд мөн их түвэг саад болж байна. Харах нь ээ утсаа оролдож байгаа харагдана. Жолоо барьж байх даа утсаар ярих бол энүүхэнд. Ядах нь ухаалаг цаг, чихэвчээрээ яривал болохоор. Ер нь энэ мэт хиймэл түгжрэл их бий. Талбайн баруун тал гэхэд мөнхийн машин чихсэн, уулзвартаа багтахгүй чагтан түгжээ үүсгэж байх жишээний. Ингэхээр талбайгаас хойд хэсгийн замууд хиймлээр түгжрээд эхэлж байгаа юм. Энэ мэт асуудлын талаар ярьж, бичиж нэгэндээ сануулж байх нь чухал байна.

Б.АМАРТҮВШИН