Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Прокурорын газар, Эрүүл мэндийн газар хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт бэлэн гоймон худалддаг зах, хүнсний төв, импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа. Манай улсын 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон оруулж ирдэг. 2023 онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10212.38 тн, энэ оны эхнээс 3 дугаар сарын 18 хүртэл 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж иржээ. Үүний 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос гоймон импортолсон байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч, Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар болсон байна.