Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн “НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.
Уг хөтөлбөрийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор газрын доорх усны Баруун эх үүсвэрийг байгуулахаар Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжид ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм байна.
Хөтөлбөрийн хүрээнд ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах ба эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах ба дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд ид хийгдэж байна. Мөн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах юм байна.
ДЦС-ууд нь жилд 21.0 сая шоо метр (хотын нийт ус хэрэглээний 23.8 хувь) усыг газрын доорх усны эх үүсвэрээс авч ашигладаг бөгөөд үүний 15.0 сая шоо метр буюу нийт хэрэглээний 70 орчим хувийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг аж. Хоногт 50 мянга, жилд 18.3 сая шоо метр хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, цэвэрлэсэн усыг ДЦС-уудад үйлдвэрлэлийн зориулалтаар эргүүлэн ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг бууруулах юм байна.
Барилга, хот байгуулалтын яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас тус төсөлд ажиллаж буй аж ахуйн нэгжүүд, барилгын компаниуд ажиллагсдын ажлын орчин нөхцөл, жендерийн мэдрэмжийг хэрхэн бүрдүүлж буй эсэх дээр үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт, туршилт, үнэлгээний ажлыг хийлээ.
Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд ямар явцтай болоод буйг, тус бүс нутгийн засаг захиргаа, иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр газар шорооны ажлыг яаж явуулж байгаа талаар Монголын Мянганы Сорилтын Сангийн Жендер, Нийгмийн Оролцоо Хариуцсан Захирал А.Отгончимэг, төслийн үндсэн гүйцэтгэгч болох Израйл Улсын Баран группийн менежер Ц. Даваадулам танилцуулж шугам хоолойн угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа ММС ХХК, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Монкон групп ХХК-ийн ажилчдын ажиллах орчны нөхцөл байдал, гүйцэтгэж байгаа ажлыг газар дээр нь очиж танилцууллаа.
Тус төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтын ажилд МБҮА ТББ-ын гишүүн байгууллагууд болох НБИК ХХК, М Си Эс Проперти ХХК, Монкон групп ХХК, Бодь пропертиз ХХК-иуд оролцож байгаа бөгөөд уг төсөл нь 2026 онд бүрэн дуусах юм байна.