Цаг үеийн мэдээ

Өнөөдөр зуны тэргүүн шарагчин могой сарын 16-ны өдөр. Цаг агаарын мэдээ харах нь ээ гурван өдөр дараалсан бороотой гэх. Зуд зулагтай гэж ярьдаг. Зөөлөн зүсэр бороо орсон нь байгаль дэлхийн өнгийг сэргээнэ биз ээ. Ер нь зуны эхэн сарын бороог хүн төрөлхтөн дээдэлсээр ирсэн. Нэгэн яруу найрагч “Зуны эхэн сарын бороо гэдэг амраг хайртын уруул мэт” хэмээн томьёолсон байдаг. Барууныхан ногоон бороо, Египт тэргүүтэй улсууд шимт бороо хэмээн нэрлэх нь бий. Хөдөө хөхөөн дуу жигдэрч адуу ногоонд цадаж байгаа биз ээ. Бороо орсон учир хотын замуудын энхэл донхол, хонхор хотгорт ус тогтон нуур болжээ. Түүн дээр хажуу байшингийн дүрс уруугаа харан бууж, замаар өнгөрөх хүмүүсийн дүрс дороосоо тод харагдана. Усанд харагдах улиасны ногоон навчис иржигнэн намирахыг харах нь юутай сайхан. Нэг үеэ бодоход явган зорчигчид руу жолоочид ус цацахаа больжээ. Цацсан ч түгжрэл дунд дороо баригдах байлгүй.

Ер нь бороо хөдөөд зоо тэнийлгэдэг ч хотод балаг тарих болсон. Ийм л хоёр өнгөтэй болчихоод байна. Тэнгэр хангайн шалгалтад нийслэл хот маань бүдэрч байна уу даа гэж харагдах юм. Өглөө хэд хэдэн уулзварын гэрлэн дохио борооноос болж унтарсан харагдана. Ийм эр зоригийн уулзварууд их ажиглагдав. Үүгээр балаг дуусахгүй ээ. Хотын гудамжууд 1910-аад оны Бирмингхэм хотыг санагдуулам шавхайтжээ. 

Хотын ус зайлуулах суваг шуудуу НЭГ л биш ээ. Жишээ нь, Хангай хотхонд борооны ус цардмал зам дээрээ нуур болоод тогтчихсон. Тэр машин тэрэг дүүрч. Манай жолоочид бартаат замын мастер ангиллын жолоочид шиг ур чадвартай болсон. Явган зорчигчид харин уртын харайлтаар олимдод явахаар боллоо шүү. 

Өнгөрсөн жилийн үерийг нэхэн сануулах нь илүүц байх. Маш том сургамж болсон. Энэ жил үер ус болбол яах вэ л гэдэг асуулт болоод байна. Ядах нь ээ ЦАХИЛГААНЫ утас, шонгуудаа уснаас хол байлгамаар. Энэ мэт хариуцлагагүйгээс үүдсэн зүйлс их төлөөс шаарддагийг та бүхэн мэдэх биз ээ.

Уг нь энэ бороо рашаан лугаа хэрэгтэй эд. Байгаль дэлхий ийн сайхан сэргэж байна. Борооны ачаар гол нь бид ургац сайтай, гэдэс цатгалан байх үндэс бүрдэнэ. Байгаль дэлхий хишгээ ийн хайрлалаа.

Б.АМАРТҮВШИН