Улсын физикийн XXXV олимпиад 2024 оны 05 дугаар сарын 8-11 өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус олимпиад нь өмнө жилийн олимпиадуудаас үйл ажиллагааны хувьд илүү шинэлэг, олон онцлог талтай байсан юм. Үүнд:
- Олимпиадын үйл ажиллагаанд МУ-ын их хурлын гишүүн, МУ-ын засгийн газрын гишүүн, БШУ -ны сайд Л. Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг, БЕГ -ийн дарга Ц.Ням-Очир, БҮТ -ийн захирал Л.Ганбат, БСҮХ -ийн захирал доктор М.Итгэл, Хөвсгөл аймгийн БШУГ-ын дарга Ш.Отгон- Эрдэнэ болон Хөвсгөл аймгийн сургуулийн захирлууд, Хөвсгөл аймгаас төрөн гарсан физикч эрдэмтэд, гавьяат багш нар, ахмад физикч багш нар оролцов.
Мөн Олимпиадыг зохион явуулахаар 33 физикч ажилласан бол үүнээс 16 физикч нь доктор, 4 физикч нь МУГБагш байлаа. Энд МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ, АШУҮИС, БЕГ, Хөвсгөл аймгийн БШУГ, Хөвсгөл аймгийн бүх физикчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Дэлгэр Мөрөн ЦС -ийн хамт олон, Мэдлэ- цахим сургуулийн баг хамтран ажиллалаа. Академик хорооны гишүүд бүгдээрээ Азийн физикийн олимпиадын үйл ажиллагаанд оролцсон туршлагатай физикчид судлаачид байв.
- Туршилтын тэмцээний үед хийгдсэн туршилтууд нь МУИС-ийн хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, ШУТИС -ийн Хэрэглээний ШУС -д зохион бүтээсэн зохиогчийн эрхтэй бүтээлүүд байлаа.
- Олимпиадын бодлого сэдэв, агуулгад тулгуурласан онолын болон туршилтын уламжлалт бодлогоос цогц чадамжийн үнэлгээний шаталсан түвшинд харгалзах олон алхамт бодлого руу шилжиж байгаагаараа онцлогтой байв. ОУФО -ын бодлогын тавил, үнэлгээний системийг хэрэглэжээ.
- Олимпиадын бүхий л үйл ажиллагаанд Эргоно- Хроно-Метражийн хэмжилт хийснээрээ шинэлэг байв. Энэ нь бэлтгэл үйл ажиллагаа, нээлт хаалтын процесс, бодлого бэлтгэх, тавих, оноожуулах, хэлэлцүүлэг хийх, гэх мэтээр бүхий л үйл ажиллагааг хугацаагаар баримтжуулж, хэчнээн хүн хүч шаардлагатай, ямар хугацаа зарцуулдаг болохыг, давхардсан, орхигдсон, алдаатай зүйлсийг илрүүлж алдаагаа засах боломжийг олгож өгсөн юм.
Боловсролын ерөнхий газар Меdle- цахим сургуулийн багтай хамтарч, үнэлгээний цахим платформ шинээр бүтээж, оролцогчдод мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллажээ.
Олимпиадад УФ-ийн XXVI-XXX эмхэтгэл, 3800 бодлогын хураамж, УФ-ийн 33 дугаар олимпиадын эмхэтгэл, Хөвсгөл аймгийн физикчид, Физик боловсрол сэтгүүл гэх мэт оролцогч бүрд ном дурсгалын зүйл бэлэглэв.
Олимпиадын хүрээнд “Хөгжлийг бүтээгч-Хөвсгөл 2024” багийн бүтээлийн уралдаан зарлагдаж, ЕБС-ийн 4 төрлөөр 120 гаруй багийн бүтээл оролцож Физик+Байгалийн ухаан, Физик+Мэдээллийн технологи, Физик+Зураг зүй, дизайн технологи, Байгалийн ухаан - Бага боловсролын багш гэсэн 4 ангиллаар өрсөлдөсөн.
Олимпиадын 30 багц медаль, Чүлтэм сангийн шагнал, УФОХ -ны нэрэмжит 6 тусгай шагнал, Залуу эрдэмтдийн нэрэмжит шагналаас гадна, БШУЯ -ны Боловсролын тэргүүний ажилтан 6, Жуух бичиг 1, Хөвсгөл аймгийн ИХТ -ийн “Их Хүндэт тэмдэг” 2, Хөвсгөлийн алдартан 1, аймгийн тэргүүн 2, Хөвсгөлийн од 2, Хүндлэл 3, Ахлах багш цол 5, Монголын ахмад багш нарын холбооны Шилдэг багш 3, Мөрөн сумын тэргүүний ажилтан тэмдгээр 2, тус тус манай физикчид энгэрээ мялаалаа.
Оролцогчдоос олимпиадын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар цахимаар судалгаа авахад олимпиадыг шинэлэг, шударга, шуурхай, шат ахисан халуун дулаан уур амьсгалтай болсон гэсэн үнэлгээ өгөв.