Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн “Никкей” Азийн 29 дэх удаагийн форумд оролцох үеэрээ Японы Улсын Ерөнхий сайд Х.Кишида, Малайзын Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Камбож Улсын  Шадар сайд Сун Чантол нарын Азийн зарим улс орнуудын удирдагчидтай уулзаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан яриа өрнүүлэв. Тэд мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн салбарын асуудлыг хэлэлцэн, харилцан ашигтай инновац шингэсэн технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Мөн Япон, Малайз, Камбож Улсын  удирдагчид  тун удахгүй болох манай улсын парламентын сонгуулийн талаар сонирхон асууж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, парламентын ардчиллаа бэхжүүлж байгааг сайшаалаа.  

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд асан Я.Фүкүда, Дижиталчлалын асуудал эрхэлсэн төрийн сайд Т.Коно, Эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны Ерөнхийлөгч М.Токүра, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Акиба, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ын Ерөнхийлөгч Т.Маэда, “Никкэй” сонины төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Окада нартай уулзаж, бүс нутгийн болон  хоёр талт хамтын ажиллагааны асуудлаар  санал солилцов.