Цаг үеийн мэдээ

Залуусын санаачилгаар олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах зорилгоор анх удаа Youth Conference: “To The World” арга хэмжээг тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

ЦойлогсоZ залуусын нэгдэл Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулж, хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа тэргүүтэй тив дэлхийд Монгол хэмээх нэрийг тодоор цуурайтуулж, өөр өөрийн замаар жим гаргаж яваа түүчээлэгч 13 илтгэгч өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.

“To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр “Сансрын тойрогт  гарсан хүн эх дэлхийгээ хараад ямар сайхан өнгө үзэмжтэй, жижиг болохыг анзаарч үр хойчдоо энэ л хэвээр нь үлдээхийг хүсдэг. Үүнтэй адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцож буй тамирчид маань “Бид дэлхий гэх нэг л гараг дээр амьдарч буй учраас эх дэлхийгээ хайрлах ёстой” гэдгийг ойлгодгоороо онцлог наадам юм” хэмээн олимпод оролцож буй нийт баг тамирчдадаа амжилт хүслээ.

Мөн дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаан, тэр дундаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд “Монгол улсын тамирчин” гэх эрхэм алдраар овоглож яваа тамирчид тухайн спортоор хичээллэх болсон шалтгаан, тамирчин хүний  сэтгэл зүй болоод баяр жаргалын мөч, тэсвэр хатуужлын талаар ярилцсан юм. 

“Тамирчин хүн гэдэг бол “Монгол” гэх энэ нэрийг дэлхийд цуурайтуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө оролцож буй тэмцээн уралдаандаа аль болох амжилттай оролцохыг зорьдог. Гэвч хэдий тэсвэр хатуужилтай “тамирчин” ч гэлээ бусдын л адил хүн шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Үргэлж амжилттай, эр зоригтой, эрч хүчтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэр болгоныг ойлгож, алдахад нь түшиж, оноход нь бахархдаг байгаасай хэмээн хүсдэг” тухайгаа тэд нуусангүй.

Арга хэмжээний оргил мөч бол арга хэмжээнд оролцогч болоод арын албанд ажилласан 2000 орчим залуус хамтдаа “Парис 2024” олимпын наадамд оролцох олимпын эрхээ аваад буй тамирчдаа алдаршуулан зарласан явдал байлаа.

Аливаа улс орон эх орныхоо соёл уламжлал, үндэсний онцлогийг илтгэх брэндтэй байдаг нь дэлхийн жишиг билээ. Тэгвэл “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчид “Go MonGOlia” үндэсний брэндийн дор  эх орноо төлөөлөн оролцох юм.

Арга хэмжээний үеэр олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд танилцуулсан юм. Энэ удаагийн ёслолын хувцсыг Монгол Улсын Төрийн Далбааг илтгэх таван өнгөөр урласан бөгөөд төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог аж.

Улс орны хөгжил, дэвшил, үндэсний соёлын дархлаа нэгдмэл үзэл санаа, эв найрамдлаас эхтэй билээ. Энэ л үнэт зүйлийг эрхэмлэн нэгдсэн 1900 гаруй залуус олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан тамирчдын түүхээр бахархаж, нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, хийж бүтээж буй нэгнээ дэмжих, алдаршуулах соёлыг эхлүүлсэн нь энэ юм.

Таны сурталчилгаа