Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойг угтан Хүүхэд залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт 2024”-ыг зургадугаар сарын 23-30-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна.
Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн Үндэсний зуслан цугларалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн бөгөөд хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг сайжруулж, сайн дурын ажлын туршлага хуримтлуулах, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулж орон нутаг, хүрээлэн буй орчиндоо эерэгээр нөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
“Үндэсний зуслан цугларалт 2024”-д Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний 13-17 насны өсвөрийн улаан загалмайн гишүүд хамрагдах боломжтой.
Энэ жил "Хүмүүнлэг ирээдүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Оролцогчид Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн байх бөгөөд аймаг, дүүргийн дунд шатны Улаан загалмайн хороо тус бүрээс Өсвөрийн улаан загалмайн 7 гишүүнийг хамруулах юм гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлэв.