Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, АУ-ны доктор, профессор зөвлөх эмч С.Баатаржаваар ахлуулсан баг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа.
2024 оны 6 сарын 2-ноос 9-ний хооронд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батбаяр, ахлах зэргийн эмч В.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй үзлэг оношилгоо болон мэс заслын эмчилгээ хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь улсын хэмжээний лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 21 аймаг, 3 хотын нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд жил бүр үзлэг, оношилгоо, нарийн мэс заслын эмчилгээ хийж орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулж ирсэн байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дараах сэдвээр сургалт хийлээ. Үүнд:
1. Тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс заслын менежмент, тасарсан мөчийг хэрхэн хадгалж, тээвэрлэх тухай
2. Гэмтэл, түлэгдэлтийн үеийн шархны эмчилгээний менежмент, орчин үеийн чиг хандлага, сүүлийн үед хэрэглэгдэж буй эмийн бүтээгдэхүүн, боолтын материалын тухай онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулав.
Тухайн сургалтыг хийснээр орон нутгийн эмч нарыг чадавхжуулж цаашид Улаанбаатар хот руу чиглэсэн төвлөрлийг бууруулах, орон нутаг нийслэлд үзүүлж буй осол гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанарын ялгааг арилгах ач холбогдолтой юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баг ажиллах хугацаандаа нийт 180 хүнд үзлэг, оношилгоо хийж, 20 өвчтөнд өвдөг түнхний хиймэл үе суулгах, атгаал, эгэм, дунд чөмгөний хугарлыг хадаж бэхлэх, хагас болон бүрэн тасарсан хуруу, сарвуу, хөлд нөхөн сэргээх, эргүүлэн залгах мэс засал эмчилгээ, түлэгдэлтийн дараах сорви, татанхайг суллах арьс, зөөлөн эд нөхөх мэс заслуудыг хийлээ.