Завхан аймгийн Улиастай сум Жинст, Жаргалант, Чигэстэй багт зургаадугаар сарын 17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас олон тооны айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Жинст багийн 15 айлыг өндөрлөг газар буюу Цагаан хаалганы бетонон хашаанд нүүлгэн шилжүүлээд байна. Нийт 25 хүний амь насыг авран хамгаалсан. Сэтэрсэн замыг засварлах, ус зайлуулах байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлжээ. Урьдчилсан байдлаар Жинст багт 51 өрх, 203 хүн, Жаргалант багт 12 өрхийн 41 хүн, Өлзийт багт 53 өрхийн 109 хүн, нийт 136 өрхийн 416 хүн өртсөн. Жаргалант баг 0.04 км2, Жинст баг 0.15 км2, Өлзийт баг 0.21 км2, нийт 0.4 км2 буюу 40 га талбай үерт өртсөн байна.