Тус хамтлаг 1995 оны зургаадугаар сарын 24-нд Хөгжим бүжгийн их сургуульд байгуулагдсан. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа (Ган-Эрдэнэ), Эба (Эрдэнэбат), Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ (Мэнд-Амар) нар багтана.
Сургуульд байхдаа Болд, Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулъя гэж шийдсэнээр Ган-Эрдэнэ, Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлж дуулаачдын дөрвөл хамтлагийг өөрсдөө байгуулсан юм. Камертон хамтлаг уран бүтээлийн гараагаа хүүхдийн "Маамуу нааш ир" дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байжээ.
Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болсон бөгөөд уг дууг тухайн үед Никитон хамтлагийн дуучин Батчулуун Тайванбатад өгч Камертон энэ дууг өөрсдийн хэв маягаар дуулснаар Тайванбатын удирдлагад Камертоны анхны уран бүтээл төрсөн юм. "18 нас" дууны клипийг Монголын Үндэсний Радио Телевизийн студид хийж тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж чадсан ба дууны клип телевизээр цацагдах үед дуу Монголын анхны FM радио болох 102.5 долгион болон Үндэсний Радиогоор олон нийтэд хүрч аль хэдийнээ хит болсон байсан юм. Хамтлаг тэр үедээ Монголын рок попын ертөнцөд цоо шинэ өнгө аяс авчирч залуусыг байлдан дагуулж чадсанаар тэр жилдээ Пентатоник наадмаас "Шилдэг Дебют Хамтлаг" шагналыг хүртэж байжээ.
Хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ өөрийн цахим хуудаст:
"Өнөөдөр зургаадугаар сарын 24-ны өдөр хуучнаар ХӨГЖИМ бүжгийн дунд сургуулийн шатны хажууд дөрвөн хүүхэд уулзаад хичээл тарсныхаа дараа дөрвөн хоолойгоор анхныхаа дууг дуулснаар Камертон хамтлаг маань байгуулагдсан юм. Өглөө 09:00 цагт цуглаад хоолойны бэлтгэл хийгээд орой автобус зогсохоос өмнө гэртээ харьдаг байлаа. Бид дөрөв өөрсдийнхөө зорилго мөрөөдлийн төлөө зүтгэсээр л байгаа, зарим нь биелсэн, бидний өмнө хийх юм зөндөө байна бид чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Камертоныхондоо 29 жилийн төрсөн өдрийн баярын мэнд хүргэе" хэмээн мэнд дэвшүүлжээ.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ