Эдхи түргэн тусламжийн алба өдөр бүр Карачи хотын морг руу 30-40 орчим хүнийг хүргэдэг гэж мэдэгдэв.
Гэвч сүүлийн зургаан хоногийн хугацаанд 568 цогцос хүргэсэн бөгөөд үүний 141 нь зөвхөн мягмар гарагт ирсэн байна.
Тохиолдол бүрд үхлийн шалтгааныг яг таг хэлэхэд эрт байгаа ч Карачи хотод агаарын температур 40 хэмээс дээшилж, өндөр чийгшил нь 49 хэм хүртэл халуун болсон тул нас барагсдын тоо нэмэгдэж байна гэсэн урьдчилсан таамаглал байна.
Хүмүүс тусламж хүсэж эмнэлгүүдийг зорьж байгаа ч эмч нар урд нь ийм зүйл харж байгаагүй тул ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа гэлээ.
Карачи иргэний эмнэлэгт ням гарагаас лхагва гарагийн хооронд халуунд цохиулсан 267 хүн хэвтэн эмчлүүлсэн гэж яаралтай тусламжийн хэлтсийн дарга, доктор Имран Сарвар Шейх хэлэв. Тэдний 12 нь нас баржээ. Өвчтнүүдэд бөөлжих, суулгах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Цаг уурчид "хэсэгчилсэн халалтын давлагаа" гэж тодорхойлсон бөгөөд өндөр температур амралтын өдрүүдээр эхэлсэн гэж мэдэгдээд буй.
Тусламж хэрэгтэй бүх хүмүүс эмнэлэгт хүрч чадахгүй байгаа бөгөөд өдөржин гадаа ажилласан хүмүүс гэнэт орой бие нь өвдөж тусламж авахад оройтож байгаа аж.
Васимын үеэл Аднан Зафар ВВС-д "Тэр хаалгаар орж ирээд би энэ халуун цаг агаарыг даван туулж чадахгүй гэж хэлсэн" гэжээ. "Тэр нэг аяга ус гуйсан. Тэгээд дуусгаад удалгүй унасан. "Васимын ар гэрийнхэн түүнийг эмнэлэгт хүргэх үед эмч нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгджээ.
Dawn сонины мэдээлснээр, хотын гудамжнаас 30 шахам хүний цогцсыг онцгой байдлынхан олсон байна. Тэдний олонх нь хар тамхинд донтсон байж болзошгүй гэж цагдаагийн албаны хүн Суммайя Сайед сонинд ярьжээ. Тэдэнд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй гэж дурджээ.
Өнгөрсөн сард нийслэл Карачи муж болох Синд мужид 52.2 хэм хүрсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Пакистаны хөрш орнууд ч сүүлийн хэдэн долоо хоногт эрс тэс, үхлийн аюултай температурт нэрвэгдэж байна.
Энэтхэгийн хилийн дагуу нийслэл Дели хотод тавдугаар сараас хойш өдөр бүр 40С (104F) давж, хамгийн дээд цэгтээ 50С хүрч, "урьд өмнө байгаагүй" халуун давлагааг даван туулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг агаарын энэ төрлийн эрс тэс үзэгдлүүд эрчимтэй болж байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Карачигийн шарж буй халууны долгион ирэх долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ч температур бага зэрэг л буурах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC.com
Б.НАНДИН-ЭРДЭНЭ