Цаг үеийн мэдээ

2024 оны УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламентын бүрэлдэхүүн анхны чуулганаа хийлээ. Чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын анхдугаар чуулганд үг хэллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдээ Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу УИХ-ын 9 дэх сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентад ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д улс төрийн 5 нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Иймд улс төрийн намууд УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч борлон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг та бидэнд ногдож байна. УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг ханган эн тэргүүнд эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн Үндсэн хуулийг сахин ажиллана. Хүний эрхийг хангах хамгаалах явдал нь төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь УИХ-ын оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа УИХ онцгой анхаарч ажиллана. Энэ удаагийн УИХ дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь болон олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна. Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой илүү тодорхой тогтвортой байх учиртай. 

Иймд УИХ олон нийтэд нээлттэй ажиллаж үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, УИХ-ын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага УИХ-ыг сурвалжлах нөхцөл бололцоог дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныхны дунд парламентад ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана. Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд та бүхэн идэвх санаачилгатай илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна. УИХ бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд УИХ-ын гишүүд та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж ёс зүйн манлайллыг үзүүлэх учиртай. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно. Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг хангах томоохон өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана. Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж төр улсынхаа эрх ашгийг дээдлэн нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлж, шинэ үеийн парламентад ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг зорилт та бидний өмнө тавигдаж байна. Шинэ цагийн парламентад ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийт ерөөлийг дэвшүүлье. 

Монгол төрийн алтан соёмбот далбаа үүрд мөнх мандан бадартугай. Баярлалаа та бүхэнд” гэлээ.

С.ОТГОН

Таны сурталчилгаа