Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторид ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж, багажтай холбогдох иж бүрэн 5 компьютер нийлүүлснийг өнөөдөр /2024.07.08/ хүлээлгэн өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, ЭЭХХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эм шинжлэх лабораторийн дарга Д.Номинцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар болон эмийн чанар, хяналтын лабораторийн хувьд түүхэн үйл явдал болж буйг онцлоод “Манай салбарт тулгамдаж байсан томоохон асуудлын нэг нь эмийн чанар, аюулгүй байдал юм. Ялангуяа эмийн чанар, хяналтын лаборатори шаардлага хангахгүй байгаа талаар иргэд хэлдэг.
Уг лабораторид 10 гаруй жилийн өмнө тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн боловч өнөөгийн нөхцөлд эмийн чанарт тавих хяналтыг сайжруулах боломжгүй болсон. Тиймээс өнгөрсөн жил Дэлхийн банкны Цар тахлын сангийн 10 сая ам.долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ удаа нийлүүлж буй эдгээр 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж нь эмийн чанарын хяналт баталгаажуулалтыг өндөр түвшинд хийж, лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дээшилж, чадавх бэхжих боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын чуулганаар батлуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн чанар, хяналттай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг оруулсан. Тиймээс цаашид эмийн лабораторийг бүрэн шинэчилж, олон улсын стандартад нийцсэн ахисан түвшний лаборатори байгуулах нь зүйтэй” хэмээлээ.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Эмийн чанар, хяналтын лабораторийн чадавхыг бэхжүүлэх нь бидний заавал хийх ёстой ажил. Эмийн агентлагийг үр дүнтэй ажиллуулахад бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчин чадварлаг байх хэрэгтэй. Уг асуудлыг шийдвэрлэхэд С.Чинзориг сайд богино хугацаанд бодитой ажлуудыг хийж чадсан. Иймд бид эхний ээлжид авсан санхүүжилтээ үр дүнтэй ашиглаж чадвал нэмэлт санхүүжилт авах боломжтойг дуулгахад таатай байна” гэв.
Эм шинжлэх лабораторид дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн бодисын таних урвал, туналт, уусалт, хольц тодорхойлох, уураг болон азотын агууламж, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг хийхээс гадна лабораторийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дээж шинжлэх хугацааг бууруулах, ачааллыг багасгах үр дүнтэй юм.
Мөн Эм шинжлэх лаборатори нь Кьелдалын автомат анализатор, потенциометрийн титрлэгчтэй болсноор биологийн идэвхт бүтээгдэхүүнд уураг болон азотын агууламж тодорхойлох, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг бүрэн шинжлэх боломж бүрдэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар эмийн хяналтын лабораторийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, урвалж бодис, өсгөврийн нөөц, эмийн дээжүүдийн шинжилгээ, хадгалалтын горим болон шинжээчдийн ажиллах орчин, нөхцөлтэй танилцаж, санал солилцлоо.