Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид танилцуулав.

Энэ хүрээнд ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллах Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа.

2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг боловсронгуй болгох, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ирснийг тодотгов.

Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулах Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж буйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа сануулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг захилаа.

Таны сурталчилгаа