Цаг үеийн мэдээ

Дэлхийд ганцхан Монгол наадамдаа монгол түмэн дэнж хотойтол сайхан наадацгааж байна. Наадам дөхөхөөр бидний сэтгэл дотроос нэг зүйл хөглөгдөн бушуухан унаа тэргээ бэлдээд нутгийн зүг гараад шидчихдэг. Нутагтаа очоод ах дүүс, аав ээж, нутаг усныхандаа золгох доо ерөөсөө оршил болгон хоёр сэдэв ярьдаг. 

Хөдөөний ахуй, малын талаар огт мэдлэггүй хүн ч сайхан зусаж байна уу, малын тарга тэвээрэг хэр байна, цаг агаарын байдал гээд асууж байдаг. Мянга мянган жил ярьж тогтсон нүүдэлчин бидний геньд үлдчихсэн заншил маягийн зүйл болой. За тэгээд мэдээж “Бөх юу болж байна” гэж залгаад асууна. Арга ч үгүй биз найман настай балчираас наян настай хөгшид хүртэл Оргихын Хангай аварга, Баярсайханы Орхонбаяр арслан гээд андахгүй хэдэн бөхтэй. Тэр хүний бөх үздэг, сонирхдог байна уу хэнд ч хамаагүй. Долдугаар сарын 12-ны орой Монгол хүн бүр цэнгэлдэхэд, аль эсвэл зурагт, таблет, гар утасныхаа дэлгэцэн дээр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаа үзэх нь жам. Дараа нь сошиал даяар бөхийн талаар ярилцана, мэтгэлцэнэ. Ерөөсөө л бөөн бөхийн экспертүүд төрөн гардаг.

Арга ч үгүй биз ээ Монгол үндэстний дархлаа бол ерөөсөө л үндэсний бөх байна. Бидний уламжлагдан ирсэн соёл дундаас эрчимтэй хөгжиж, биднийг баясгаж буй нь ерөөсөө л энэ үндэсний бөх. Түүнчлэн монголын ёс уламжлал, үндэсний ялгарал үндэсний бөхөд илүү шингэн үлдсэн байдаг. 

Өнөө жилийн барилдаан тэр тусмаа тун сонирхолтой эхэлж байна. Яг энэ нийтлэлийг бичиж байх цаг үед шинэхэн арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан П.Хүрэлбаатарт өвдөг шороодлоо. Энэ жилийн баяр наадамд нэлээд хүлээлттэй байсан Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Цэрэнсодном, Улсын начин С.Амарсайхан тэргүүтэй бөхчүүд хоёр дээр өвдөг шороодов. Гурвын даваа дундаа орж буй энэ цагт ид ирэн дээрээ яваа 5 заан, 4 гарьд уначихсан байна. Аймаг, цэргийн цолтнууд ер нь илүүрхээд явчихлаа. Ер нь аймаг, цэргийнхэн гэж бөөн арангууд гараад ирчихсэн. Аварга, арслангүй бэргэх талдаа байна. Арга ч үгүй биз. Бараг өдөр шөнөгүй биеэ дас¬гал¬жуулж бөхөөс өөрөөр амьсгалахаа больчихсон улс шүү дээ. Энэ өвлийн зуднаар -40-өөс дээш гарч хүйтэрч, шилэн, төмрөн гээд төрөл бүрээр зуд нүүрлэн хүн байтугай мал онд орж чадахгүй тэр цагт утаа униар болсон Улаанбаатарт бэлтгэл хийж, дийлдэшгүй ийм шидийг олно гэдэг спорт гадарлах, гадарлахгүй хэний ч хувьд мэл гайхахаар. Мэргэжлийн спортын түвшинд аль хэдийн ирчихсэн. Ахиулаад ярих нь ээ үндэсний бөхийн хөгжил бусад бөхийн төрлүүдээс ер нь тасарчихсан юм биш үү. Г.Элбэг харцагын гал дээр сурвалжилга бэлтгээд явж байх нь ээ жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид үндэсний бөхийн гайхамшиг, угсраа мэхүүдийг судалж, сурахаар очсон байгаатай таарсан. Нэг үеэ бодоход бөхийн бие галбир илүү төгөлдөржин, том гүзээ, тарга тэвээргээсээ салчихсан гэлтэй. Аль хурдан шаламгай, уран хурц барилдаануудтай нь дээшээ явдгийг бөхчүүд гадарладаг болчихжээ. Шинэ цагийн бөхийн өнгө төрх ийм л ганган байна.

Энэ жилийн бөхийн өнгийг харах нь ээ Увсын хоёр аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс гар амар шөвгийн дөрөв рүү орох магадлал бий. Эрэмбэ өндөртэй бөхчүүд барилдаан таарах өрсөлдөгчөө сонгоод дээшээ барилдах боломж байдаг. Энэ жилийн хувьд Увсын хоёр аваргын бэлтгэл сургуулилт ч жигдэрсэн харагдана. Түүнчлэн Б.Орхонбаяр арслангийн бэлтгэл сургуулилт жигдирч ид ирэн дээрээ ирсэн шинжтэй. Ямартай ч бөхийн таавар гэдэг хэцүү эд. Энэ жилийн наадамд хэний аавын хүү одтой байж, улсын цол авч, аварга, арслан болох нь өнөөдөр шийдэгдэнэ. Монгол түмэн бид айргаа, хуушуураа зооглонгоо цэнхэр дэлгэцийнхээ өмнө ойр дотныхонтойгоо жаргаж, цэнгэж бөхөө үзэх л үлдлээ. Монгол түмэн минь сайхан наадаарай. 

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа