Цаг үеийн мэдээ

Евро-2024 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн урьд шөнө Герман улсын нийслэл Берлин хотноо Олимпын цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 03:00 цагт боллоо.

Финалд Англи болон Испанийн шигшээ баг шалгаран үлдээд байсан юм. Дэлхийн аваргад нэг удаа цом өргөж, Еврогийн аваргад 3 удаа ялсан Ялагдашгүй Армадачууд энэ удаа Дэлхийн нэг удаагийн аварга Гурван арслангийн хооронд хүчтэй тулаан өрнөнө хэмээн хөлбөмбөгийн судлаачид үзэж байв. Учир нь Англичууд өмнөх Еврогийн финалд шалгарч, хоёрдугаар байрт орон мөнгөн медаль хүртэж байв. Гэвч хөгжөөн дэмжигчдийн судалгаагаар судлаачдын таамгийг эрс эсэргүүцсэн.

Дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын 78 хувь нь Испанийг хожно хэмээн үзсэн байна. Мэдээж Английн хөгжөөн дэмжигчдийн итгэл найдвар тэднийг цом өргөнө гэдэгт бат найдсаар...

Ингээд цаг болж аваргын төлөөх алтан агшин эхлэв. 

Тоглолтын эхний үед хоёр баг нэг ч гоолдсонгүй. Гэхдээ Испаничууд хэд хэдэн аюултай дотолгоог гүйцэтгэж, Англи хариу хамгаалалт хийсээр эхний 30 минутад Испани 78 хувийн бөмбөг эзэмшилттэй статистикийг үзүүлэв. Эхний үе дуусахад бөмбөг эзэмшилтийн харьцаа 68:32 гэсэн 2-хон хувийн өөрчлөлттэй ч Ялагдашгүй Армадачууд гоолын дайтай хүчтэй довтолгоог 4 удаа гүйцэтгэж, 6 булангийн цохилт авч, Английн хөгжөөн дэмжигчдийг цус харвуулах шахам тоглосон юм. Гурван арслангууд довтлох гэхээсээ илүү хойш сууж, хамгаалсаар хүчтэй довтолгооныг хэд хэдэн удаа амжилттай хамгаалснаар тоглолтын эхний үе өндөрлөлөө. 

Хоёрдугаар үе дөнгөж эхлээд

47 дахь минут Испанийн Нико Уиллиамс энэхүү еврогийн залуу од болон гялалзаж буй Ламин Ямалын дамжуулалтаар гоолдож, 1:0 харьцаатайгаар тэргүүлж эхлэв.

Английн фенүүд энэ үед “Гоол алдаж байж хүч ордог . Одоо тоглолт нь гарна” хэмээн дэмжсээр суусан нь олон нийтийн цахим сүлжээнд ч хөврөөстэй. Англичууд ч энэхүү итгэлийг алдсангүй 73 дахь минутад Коул Палмер дөнгөж сэлгээнээс орж ирсэн 2 дахь минутдаа гоолдсон юм. “За тэр Английн тоглолт орж ирлээ” хэмээн Олимпын цэнгэлдэх даяар цугласан хөгжөөн дэмжигчид уухайлж байв. Ингээд тоглолт 1:1 харьцаатай тэнцсэн ч Англичууд нөгөө л хамгаалалт авсан байдалдаа шилжсэн юм. Энэ хооронд Испаничууд 10 дахь удаагаа булангийн цохилтоо гүйцэтгэв. Азаар нэг нь ч гоолдоогүй. Тайлбарлагчдын хувьд Англичууд хэрэв 10 удаа булангаас цохьсон бол аль нь нэг нь гоолдох нь дамжиггүй хэмээж байлаа. Гэвч тэдэнд тийм боломж олдоогүй. Тоглолтын туршид 2 удаа л буландсан юм. Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө 4 минутын өмнө буюу 86 дахь минутад Микель Оярзабаль доогуурх зайг маш гоё ашиглан гоолдлоо. Ингээд Ялагдашгүй Армадачууд 2:1-ийн харьцаагаар хошуучилж эхэлсэн. Үүнийг отон тоглолт орсон байгаасай хэмээн Английн хөгжөөн дэмжигчид дотроо залбиран суусан нь дамжиггүй. Гэвч хамгийн сүүлийн үеийн нарийвчлалтай дэлгэцийн тусламжаар гоолыг давтан харахад тэднийг аз ивээсэнгүй. Отон тоглолтын байрлал биш байсан нь тодорхой боллоо. 

Английн хөгжөөн дэмжигчдийн итгэлийн гал унтарсангүй. Сүүлийн мөч хүртэл яг л Нидерландтай тоглосон шигээ 90 дэхь минутад ч гоолдох боломж бий хэмээн залбирсаар хүлээсээр. Тоглолтын үндсэн цаг дууслаа. Шүүгчийн мэдлийн 4 минут сунгагдав. Энд эцсийн бүхнээ шавхана гэж Гурван арслангийн хөгжөөн дэмжигчид найдсаар. Гэвч томоохон тоглолтод азгүйгээрээ алдартай Английг энэ удаад аз бас л ивээсэнгүй. Сүүлчийн хоёр Еврод хоёрдугаар байр хэмээх гуншинг хүртлээ. Манайхаар бол хошой мөнгөн медаль юм даа. Даанч томоохон тоглолтын түүхэнд хоёрдугаар биш нэгдүгээр байр бичигддэг нь харуусалтай. 

Энэ удаагийн Еврогийн хамгийн залуу од Ламил Ямал дэлхийд ч, Еврод ч хамгийн залуу од болон бичигдэж, мөн дээрээс нь Еврод гоолдсон гэдгээрээ онцгойров. Түүнийг дараагийн Еврод ч дахин залуу од болон бичигдэх магадлалтайг тайлбарлагчид онцолж байлаа. Мэдээж тэрбээр ялагчийн цомоо, Евро-2024-ийн хамгийн залуу гоолдсон тоглогчийн шагналтай цуг өргөв. 

Ийнхүү Ялагдашгүй Армадачууд ялагдалгүй 4 дэхь удаагаа Еврогийн цомыг өргөн, Европын аваргад хамгийн олон түрүүлсэн түүхэн шинэ хуудсыг нээлээ.

С.ОТГОНБАЯР

 

Таны сурталчилгаа