Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах чиглэлээр олон ажил зохион байгуулж буй ажээ.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ, орон нутгийн нөхөрлөлүүд дэмжлэг туслалцаа үзүүлж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хамтран Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт нийт 25 монгол тарвага нутагшуулсан байна.
Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар, тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог байна. Мөн тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
Дашрамд дурдахад, тус аймаг “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-тай хамтран 2021 онд Хонгор сумын нутагт 10, 2022 онд 25 тарвага нутагшуулж, хамгаалалтыг нутгийн иргэд, нөхөрлөлүүд болон байгаль хамгаалагчдад хариуцуулсан байна.