Хичээлийн шинэ жил дөхөж, хөдөөнөөс оюутнууд ирлээ. Нэг ёсондоо 40-45 мянган оюутан дотуур байр, хажуу өрөө, түрээсийн орон сууц, нийтийн байрны эрэлд гарч байна. Дотуур байранд эдгээр оюутнуудын 20 хүрэхгүй мянга нь амьдрах боломжтой. Тэгэхээр үлдсэн 20 гаруй мянга нь түрээсийн байр хайна. Нийт их дээд сургуулийн 90 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тэр ч утгаараа эрэлтээ дагаад түрээсийн байрны үнэ тэнгэрт байна.
Байр түрээслэхэд олон асуудал байдаг. Тухайлбал, хэт өндөр үнэ. Хотын төвөөр буюу их сургуулиудын гудамж хавиар сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний өндөр үнэ нэхдэг. Түүнчлэн төлбөрөө бөөнд нь авна гэх шалгуур. Байр түрээслэгчид 6-12 сарын байрны түрээсээ урьдчилж авах сонирхолтой байдаг. Барьцааны гэх нэг сарын мөнгө ч бас өгнө. Бид хичээл, сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан түрээсийн үнэ сонирхлоо.
Нэг өрөө байр түрээслэхэд урьдчилгаанд 19.5 сая төгрөг төлнө
Эхлээд их сургуулийн гудамжтай ойрхон байр хайлаа. Дунджаар 1-1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Онцлох түрээсийн байруудаас сонирхуулахад:
Сити их сургуулийн хойд талд нэг өрөө байр 1.3 сая төгрөг,
Хөгжим бүжгийн коллеж хавьцаа 1.6 саяас буугаад 1.5 сая болсон байх юм.
Багшийн дээдийн Воли апартментед нэг өрөө 1.5 сая төгрөг. 12 сарын түрээс урьдчилан өгч, дээрээс нь нэг сарын барьцаа нэхэж байх юм. Тэгэхээр 19.5 сая төгрөг урьдчилгаанд өгч байж байр түрээслэх нь.
Энэ хавийн байрнууд дунджаар 3-6 сарын урьдчилгаа нэмэх нь нэг сарын барьцаа нэхэж байна. Нэг ёсондоо 5-10 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж, энэ хавиар байр түрээслэх нь ээ. МУИС хавьцаа нэг өрөө байр 1.9 сая төгрөгөөс ихэвчлэн дээш байна. Их сургуулиудын гудамж руу ойртох тусам нэг өрөө байрны үнэ 1.5-2 сая төгрөг болж үнэ нь нэмэгдэж байх жишээний. Тиймээс арай хямд үнэтэй байх хайхаар шийдлээ.
Баянзүрх дүүрэгт байрны үнэ бага зэргийн хямдарч байна. Дунджаар нэг сая төгрөг. Урьдчилж авах түрээсийн мөнгө 6-гаас дээш сар, нэмэх нь нэг сарын барьцаа. Байрны эздийн тавих шалгуур их өндөр харагдана. Цэвэрхэн гэр бүлийн хүнд, эсвэл оюутан охинд. Оюутан хөвгүүдэд тэгэхээр түрээсийн байрны олдоц бүр л бүрхэг харагдана. Офицер хавиар байрны үнэ бүр 1.5 сая төгрөг дөхөх жишээний. Онцлох заруудаас сонирхуулъя:
Халдвартын эцэст нэг өрөө байр нэг сая төгрөг. 10+1 буюу урьдчилгаанд 11 сая төгрөг өгөх юм байна. Хоёр цонхтой маш дулаахан байр ажээ.
Саруул хороололд нэг өрөө байр 1.3 сая төгрөг. 6+1 урьдчилгаа төлөх юм байна. 12+1-ээр төлбөл төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож, түрээсийн үнэ ээ 1.2 сая болгоно гэжээ.
Баруун дөрвөн замд тун боломжооны үнэтэй нэг өрөө байр олж харав. Сарын түрээс 750 мянган төгрөг. Гэтэл 12+1 урьдчилгаа авна гэжээ. Тэгэхээр бас л 10 сая төгрөгтэй байж орох нь. Ядаж байтал 18 м2 буюу нэг талдаа 6м, нөгөө талдаа 3м урттай юм байна. Томхон ор тавихад өрөө маань дүүрчих юм байна.
Ямар ч яах вэ нэг өрөө гэж бодоод хямдхан байр сонирхлоо. 750 мянган төгрөгөөс доош үнэтэй гэсэн үг. Судлаад үзэхэд хамгийн хямдхан байр 700 мянган төгрөг байдаг юм байна. Эдгээр байрнуудад хүн амьдрах боломж тун тааруу харагдана.
805-д байх байр гэхэд шууд гаднаасаа орчдог подвал маягийн юм харагдана. Урт цагаан хавьцаа 700 мянгын нэг өрөө байр бас хэцүүхэн. Паркетан шал нь сөрдийгөөд ялзарчихсан, хананы шавар нь нураад, 23 м2 байранд ганцхан нурчихсан пар харагдана. Нэг давуу тал нь түрээсээ сар сард нь авах юм билээ. Гэхдээ болоогүй жуулчлалын 150 мянган төгрөг нэмж төлнө. Ер нь 700-750 мянган төгрөгийн байрнууд ихэвчлэн жуулчлалын хөлс гэх 150 мянган төгрөг нэхэх бөгөөд сар сар даа түрээсээ авч, хүн амьдрахад бэрх нөхцөл угтана. Зарим нь цонхгүй, цонхтой ч оготнын нүх шиг жижигхэн юм өрөөний тааз хавьцаа сүүмэлзэнэ.
Тохилог нийтийн байр 500 мянган төгрөгөөс эхэлнэ
Нийтийн байр хайж үзэхэд охидын дотуур байр, хостелууд олноороо бий болжээ. Нэг бодлын сайшаалтай. 200-300 мянган төгрөг сард төлнө. Цэвэрхэн тохилог харагдана. Хөвгүүдэд зориулсан ийм дотуур байрууд харин байдаггүй юм байна.
Яг үүнтэй ижил үнээр хөвгүүд нийтийн байр түрээсэлнэ гэвэл хотын зах хавьцаа гэр хороолол дунд олдохоор байна. Онцлоход Дарь эхийн хуучин эцэст 250 мянган төгрөгийн нийтийн байр байна. 3х4 хэмжээтэй буюу томхон биетэй эрэгтэй хүүхэд багтахгүй шинжтэй. Орбитын тойрог, Дамбадаржаа хавьцаа бас 250 мянган хавьцаа нийтийн байрууд байна. Шуудхан хэлэхэд ихэнх нь юу юугүй нурж унаж гэж байгаа нийтийн байрнууд.
Их сургуулийн гудамж хавьцаа нийтийн байр сонирхсон боловч байдаггүй юм байна. Ер нь үнийн хувьд байршил хамаарахгүй адил үнэтэй. Хүн амьдрах боломжтой, бясаа жоомгүй нийтийн байрууд нь 500 мянгаас нэг сая төгрөг хавьцаа. Унтах оромж хайхаар бол 200-500 мянган төгрөг хавьцаа олдох нь.
Хажуу өрөөгөө “өөриймсөг” эмэгтэйд түрээсэлнэ
Хажуу өрөө дунджаар 500 мянгаас нэг сая төгрөг хавьцаа байна. Гэхдээ ганц бие эмэгтэй хүнд түрээслэх сонирхолтой байдаг юм байна. Алтай хотхонд 720 мянган төгрөгийн хажуу өрөө гэхэд цэвэрч, нямбай эмэгтэй хүнд түрээслүүлнэ гэх жишээний. Хажуу өрөөний шалгуурт оюутан охид ихэвчлэн нийцэж байна. Нэг бол “өөриймсөг” эмэгтэйд. Мөн харилцааны соёлтой, даруу төлөв, цэвэрч нямбай гэх жишээний. Ухаад унших нь ээ гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч ажилд авах зартай тун төстэй харагдана.
Зарим зарууд дээр “царайны зөв төрхтэй” гэж тодотгосон байх жишээний. Баянголд байх 500 мянган төгрөгийн хажуу өрөө рүү залгаж асуухад нэгэн эрэгтэй утас авлаа “Манайх эрэгтэй хүн, настай хүн, хүүхэдтэй хүн оруулахгүй. Ганц бие эмэгтэй байх шаардлагатай. Нэгээс дээш хүн өрөөндөө байлгахгүй” гэлээ. Мэдээж ам бүл цөөхөн хүнд хажуу өрөөгөө түрээслэх сонирхолтой байдаг байх.
Б.АМАРТҮВШИН