Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ удаагийн олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал 2024.07.29-ний өдөр 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Парист ирж, тамирчдын дасан зохицох бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн. Одоогийн байдлаар манай 9 тамирчнаас хоёр тамирчин V байрт орж, 5 нь тэмцээнээ өндөрлүүллээ.
Парист ирсэн багийн бүрэлдэхүүнд 9 тамирчин, 6 бэлтгэл хангагч, 11 багш, эмч 1, массажист 2, сэтгэл зүйч 1, сэтгүүлч, зурагчин, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон менежер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Олимпод оролцож буй 9 тамирчин болон шигшээ багийн 8 дасгалжуулагчийн зардал журмын дагуу БТСУХ-ны шигшээ багийн төсвөөс шийдвэрлэгддэг бөгөөд бусад арын албаны ажилтнуудын бүх зардлыг МЧБХ-ны хандив тусламж, УЗ-ийн гишүүдийн хураамжаар бүрдүүлсэн юм.
Холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатарын хувьд олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний өмнөхөн Парис хотод хүрэлцэн ирсэн бөгөөд баг тамирчдаа дэмжихээс гадна ДБНХ-ны хурал, товлолт уулзалтуудад оролцож, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн чансааны цуврал тэмцээний албан ажлаар шахуу хуваарьтай ажиллаж байна.
Ирэх өдрүүдэд манай 4 тамирчин барилдана. Баг тамирчдадаа амжилт ялалт билэгдэн, зүрх сэтгэлээсээ дэмжиж буй та бүхэнд баярлалаа.