Говийн бүсийн оюутан цэргүүд эр цэргийн албанд татагдан ирж, цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг-2024” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг амжилттай дүүргэн, иргэнийхээ журамт үүргийг биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалах үйл хэрэгт суралцаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа хур бороотой энэ сайхан өдөр бахархалтайгаар дүүрэн өргөлөө.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвд зохион байгуулсан цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Бэрхгалт, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Ч.Нямхүү, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа С.Баярмагнай болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.
Энэ жилийн оюутан цэргийн сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Говийн бүсийн 5 аймгийг хамруулсан оюутан залуучуудын дунд 2 дахь жилдээ Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явуулснаараа онцлог байлаа.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Дорноговь аймгаас тус сургалтад хамрагдсан байлдагч Ч.Сумъяасүрэнгийн аав бэлтгэл ахлах ахлагч Н.Чулуунхүү, Баянхонгор аймгаас хамрагдсан байлдагч С.Тэмүүлэн нар оюутан цэргүүдэд баяр хүргэн үг хэлж, амжилт хүслээ.
Ёслолын ажиллагааны төгсгөлд оюутан цэргүүд аадар борооноор ч цугласан олонд жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулж, ая дууны мэндчилгээ өргөж, ёслолын жагсаалаар сүр жавхлантайгаар алхлаа. Сургалтад идэвх зүтгэлтэй хамрагдаж, албаа үлгэр жишээчээр хаасан зарим байлдагч нарыг "Онц буудагч", "Онц сурлагатан", "Тамирчин дайчин" тэмдгээр шагнаж урамшуулахын зэрэгцээ сургалтын хугацаанд цэргийн алба, сургалт бэлтгэл, урлаг, спортоор бусдыгаа манлайлан "Тэргүүний салаа"-гаар шалгарсан дэслэгч Б.Гансүх захирагчтай III салааны хамт олонд шагналыг гардуулан өглөө.