Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй удаашралтай болон нэмэлт хөрөнгө шаардлагатай боловсролын салбарын нийт 30 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх асуудлаар захиалагч, хэрэгжүүлэгч, хяналт тавигч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгууллаа.

Боловсролын ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд дээрх төсөл, арга хэмжээнүүдийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцан, гүйцэтгэгчид үүрэг, чиглэл өгч, ажил эрчимжүүлэх хяналт тавих ажлын төлөвлөгөө, графикийг гаргасан.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дээрх хөрөнгө оруулалтын ажлуудын явц, төлөвлөгөө, графиктай танилцан, Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг хяналт тавигч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулан, төсөл, арга хэмжээ нэг бүрээр шийдэл ярилцав.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал гүйцэтгэгчээс шалтгаалж буй, гэрээний хугацаа 2024 онд дуусгавар болох 8 компанийн удирдлагыг нэг бүрчлэн хүлээн авч уулзаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, зарим мэргэжлийн байгууллагуудаас шалтгаалах асуудлаар албан бичиг илгээж, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажиллахаар тогтлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлэх байршлуудад төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нарыг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзаж, шаардлагатай төсвийн зохицуулалтыг хийх талаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн талаар танилцуулж, төлөвлөсөн хугацаанаас өмнө барилгын ажлуудаа ашиглалтад хүлээлгэж өгөх талаар анхаарч ажиллахыг хүслээ. Үүнд нийт 7000 орчим хүүхдийн хүчин чадалтай 11 төсөл, арга хэмжээ хамаарч байгаа юм.

Таны сурталчилгаа