Цаг үеийн мэдээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн 2024-2030 оны стратеги танилцуулах уулзалт хийлээ. Уг уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Томас Крэхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Азийн Сангийн суурин төлөөлөгч Сара Тэйлор, Байгаль, зэрлэг амьтан хамгааллын нийгэмлэгийн Ази бүсийн захирал Жонатан К.Слагт болон олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, судлаачид оролцлоо. 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг нь манай улсад 21 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.  Энэ хугацаанд Монгол орны байгаль, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.  

Тус нийгэмлэг нь Монгол Улсыг биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр нэгдэн орсон олон улсын конвенцуудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Мөн хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөнгийн тоо, толгойг үндэсний хэмжээнд нарийн тодорхойлох, хамгаалах, төмөр зам, авто замын гарц гаргах, зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд манай улсын хулангийн тоо толгой 10 жилийн дотор 47 мянгаар өссөн байдаг.

Таны сурталчилгаа