Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь биеэ хянах чадварыг алдагдуулж эрсдэл учруулах нь цөөнгүй. Тухайлбал иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон улмаар зам тээврийн осол гаргах, гудамж талбай олон нийтийн газар танхайрах, бусадтай зүй бус харьцах, хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд гаргадаг.
Тэгвэл энэ оны 7-р сарын 25-ны өдөр 31 настай У нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 3.22 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явсныг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Мөн 7-р сарын 26-ны өдөр 42 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Corrolla маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байгаад өөрийн охин 10 настай О-г мөргөж гэмтээсэн хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн 8-р сарын 4-ний өдөр "зам тээврийн ослоо хүн нас барсан байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагат ирж, дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд авто машин жолоодохдоо хариуцлагатай байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.