Цаг үеийн мэдээ

Монгол Улсад Агаарын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ой өнөөдөр буюу 2024 оны 8-р сарын 10-ны өдөр тохиож байна. Агаарын цэргээр овоглосон тус хамт олон баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоо ёслол төгөлдөр зохион байгуулж байна. 

Хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд БНМАУ-ын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Ардын Армийн Жанжин штабын дарга асан дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдоржийн дурсгалын хөшөөний нээлт боллоо. Зэвсэгт хүчний Агаарын цэрэг нь Цэргийн нисэхийн болон Агаарын довтолгооноос салбаруудтайгаар хамгаалах анги, Монгол Улсын агаарын хил, орон зайн халдашгүй Дархан байдалд хяналт тавих, хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилд тулгуурлан зэвсэглэл техникээ шинэчлэн сайжруулах, бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг чадвар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, анги, салбаруудынхаа үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийг хангахаар нэгэн сэтгэл, зүтгэлээр ажиллаж ирсэн бөгөөд ийнхүү нэгэн жарны түүхээ баринтаглаж байна.

Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуян, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, ХХЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга бригадын генерал Д.Ганбаатар, ЗХЖШ-ын дарга асан чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Бямбажав, Радиотехникийн ууган салбарын нэг Зэвсэгт хүчний 103 дугаар салбарын анхны захирагч бэлтгэл хурандаа Ц.Бямбаа, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Баю Юйхай, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар болон Агаарын цэргээс төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн ахмад буурлуудын төлөөлөл. ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцож байна. 

Баярын хурлыг нээж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат хэлсэн үгэндээ, "Эцэг тэнгэр хураа хайрлаж эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн түүхт 60 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Монгол Улсынхаа нүд чих, илд бамбай нь болж. Бүрэн эрхт, аюулгүй байдлыг мөнх хөх тэнгэрт дархалж байдаг Зэвсэгт хүчний Агаарын Довтолгооноос хамгаалах цэргийн бүтэн жарны яруу алдар, амжилт бүтээл, түүхэн замналын талаар хүүрнэн ярилцаж, дараагийн жарныхаа түүхийн торгон хуудсыг нээж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид. Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэрэгт алба хааж, залуу нас, авьяас билэг, эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан ажилласан үе үеийн ахмад буурлууд. Монгол Улсынхаа мөнх хөх тэнгэрийн харуулын үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт алба хаагчид, журмын нөхөд та бүхэндээ Зэвсэгт хүчинд Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж баярын хурлын ажиллагааг нээснийг мэдэгдье" хэмээв.

Таны сурталчилгаа