Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.08.13/ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 

Тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй.

Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах нь дан ганц зөвлөл, яамны хэрэгжүүлэх ажил биш. Салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой байж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо. 

Зохиолч Д.Нацагдоржоор удирдуулсан “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн 1925 онд байгуулагдсан нь Монгол Улсын хүүхдийн байгууллагын үүсэл болсон.

Ирэх 2025 онд 100 жилтэйгээ золгох уг баярыг ёслолын төдий тэмдэглэх биш, хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулж, хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх зорилт дэвшүүлж байна.

Мөн эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан, болон бусад хүний нөөцийг тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах замаар чадавхжуулж, мэдлэг, чадвар, ёс зүйг нэмэгдүүлнэ.

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгож, мэдээллийн нэгдсэн сан, салбарын статистикаа нэгтгэж, ил тод болгох үүрэг чиглэлийг өглөө.

Таны сурталчилгаа