Ши-Ан хотын торгоны замын Олон улсын аялал жуулчлалын экспо 2024 үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуй нэгж амжилттай оролцов.
Шааньши мужийн Ши-ан хотноо 2024 оны наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Торгоны замын Олон улсын аялал жуулчлалын экспо үзэсгэлэн”-д Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон монголын аж ахуй нэгж павильон гарган Монгол Улсаа сурталчлан идэвхтэй оролцлоо.
Монголын павильонд “Монгол кашмер” компани болон Шанхай хотоос монголын аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн, ааруул, чацаргана зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Энэ нь Монголын соёл, эдийн засгийн боломжуудыг олон улсын түвшинд сурталчлахад чухал ач холбогдолтой байв.
Энэхүү экспо үзэсгэлэнд 22 улс орон, бүс нутгаас ирсэн 164 төлөөлөгчид, 793 аж ахуйн нэгж оролцож, нийт 42,000 м² талбайд 12 үзэсгэлэнгийн хэсэгт павильон гаргав. Үзэсгэлэн "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, сайхан амьдралыг хуваалцъя" уриан дор зохион байгуулагдаж, 91,500 гаруй хүн ирж үзэж сонирхов. Үзэсгэлэнд оролцогчид өөрийн улс орны аялал жуулчлалын онцлогийг харуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, соёлын үзүүлбэрүүдээр олон улсын болон дотоодын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татлаа.
Үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд “Шааньши мужийн соёл, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих хурал”-ын үеэр 46 төслийн гэрээнд гарын үсэг зурж, нийт 134.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт амжилттай татан төвлөрүүлсэн байна.