Цаг үеийн мэдээ

Орчин цагийн музей үүсэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей түүчээлэн музейн салбарын ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах зорилгоор БНСУ-ын Гунжигийн Үндэсний Их сургуультай хамтран “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, тогтвортой орчин, био гэмтэл, эрсдэл түүнээс хамгаалах арга зам” мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг тус музейн Сан хөмрөг, хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг нээж, музейн сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагч, кураторуудад зориулан соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал баримтжуулалт, сэргээн засварлалтыг онол практик хослуулсан сургалтыг анх удаа олгож байна. Манай музейн сан хөмрөг хадгалалт, хамгаалалт олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.Соёлын өвийн үнэт бүтээлийг чийгшил, дулааны тодорхой түвшний заалт бүхий автоматаар тохируулдаг тоног төхөөрөмж бүхий тасалгаа танхимд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг хэллээ.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн сургалтын үеэр “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлд тусгайлан мэргэшүүлдэг сургалтын хөтөлбөр байсангүй. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт нь эрсдэл дунд байдаг учраас ажилтнуудаас ч мэдлэг боловсрол, дадлага туршлага нарийн байхыг шаарддаг. Яамны зүгээс бодлогын түвшинд музейн салбарт ажиллаж байгаа албан хаагчдыг давтан сургах, ахисан түвшинд эрдмийн зэрэг хамгаалахад зориулан хамтарсан хөтөлбөрүүдийг бий болгож, ШУТИС, Гунжигийн Үндэсний Их сургуультай хамтран ажиллаж байна. Аливаа өгч байгаа мэдлэгийг ур чадвар болгож авахаас гадна түүнийг хэрэглэдэг дадалд суралцах хэрэгцээ шаардлага байна гэдгийг онцлов. 

Тус сургалтад ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн 11, хөдөө орон нутгийн 22 музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан ажилтнууд оролцож байна. 

Энэхүү соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сертификаттай сургалтыг Гунжүгийн Үндэсний Их Сургуулийн профессор, Жу Ёнхүнь “Соёлын өвийн дижитал баримтжуулалт ба хэрэглээ” профессор Жу Намчол “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын философи, ёс зүй”, Соёлын өвийн ерөнхий газрын ахлах куратор Со Миньсог “Музейн хадгалалт хамгаалалтын орчин” сэдвүүдээр явуулж буй.

Таны сурталчилгаа