Цаг үеийн мэдээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудитыг  Монгол Улсын Үндэсний Аудитын Газар, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан ажлын хэсэг хийж эхэллээ.

Тус ажлын хэсэг нь “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааны үр дүн, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, үр ашигт аудит хийх юм. Түүнчлэн гүйцэтгэлийн аудитаар “УБТЗ” ХНН-ийн талаарх ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн байдлыг хамруулж, 2021-2023 онд нийгэмлэгийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг шалгах юм. 

“УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаанд хамгийн сүүлд 2015 онд аудит хийсэн бөгөөд тус нийгэмлэг нь хоёр улсын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн статустай тул аль нэг улс дангаараа аудит хийх боломжгүй байдаг юм.

Аудитын үр дүнгийн тайлан, дүгнэлтийг энэ оны эцэст нэгтгэн гаргаж, УИХ-ын Төсвийн байнгын Хороо болон холбогдох байгууллагад хүргүүлж танилцуулах бөгөөд хоёр улс харилцан зөвшилцөж, аудитын тайланг хэлэлцэнэ.       

Хамтарсан ажлын хэсэгт ОХУ-ын талаас  ОХУ-ын Тооцооны танхимын Удирдах газрын орлогч дарга С.У.Тменова, ахлах байцаагч Е.В.Васичкина, Ю.С.Флегонтова нар ажиллаж байна.

Таны сурталчилгаа