Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд 2024 оны наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд монгол, хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” ээлжит арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Хятадын бага, дунд сургуулийн сурагч, хүүхэд багачууд, тэдгээрийн багш, эцэг эхчүүдэд Монгол үндэсний өв соёл, зан заншил, уламжлалыг танилцуулахын зэрэгцээ оролцогчдод Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсыг сурталчлан таниулдгаараа ач холбогдолтой билээ.

Мөн тус цуврал арга хэмжээ нь хоёр улсын хүүхэд багачуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд чухал алхам болж байгаа бөгөөд Монголын соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг болж байгаа юм.

Дашрамд тэмдэглэхэд Монголын соёл, мэдээллийн төв нь 2022 оны аравдугаар сард нээгдсэн бөгөөд БНХАУ-д Монгол үндэсний соёл, урлагийг сурталчлах, Монгол, Хятад хоорондын соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаас хойш тус төвд нийт 70 гаруй соёлын арга хэмжээ зохион байгуулаад байна.

Таны сурталчилгаа